Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдаж, долоо хоногийн ажлын тайлан, төлөвлөгөө, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт ХАБЭА-н төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу хийгдэж, ХАБ-ын чиглэлээр 7 цехийн 784 ажилтанд хянал шалгалт хийж, 343 ажилтныг сургалтад хамруулсан байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газартай хамтран, цагаан тоосны бүсэд амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж, Жаргалант сумын 500 гаруй иргэд эхний сургалтад хамрагдсаныг мэдээлэв.
Энэ сарын эхний 20 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, явцын талаар Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс танилцуулсан. Сарын эхний 20 хоногт нийт 581 вагон зэсийн баяжмал ачуулаад байна. Үйлдвэрийн хэмжээнд намар, өвөлд бэлтгэх хүрээнд 295 ажил төлөвлөснөөс 108 нь 100 хувь хийгдэж, нийт гүйцэтгэл 72 хувьтай үргэлжилж байгаа аж. Үйлдвэрлэлийн цехүүдийн мэдээллээс онцолбол, Ил уурхайд намар, өвлийн бэлтгэл 62 хувиар хангагдсан. Мөчлөгт урсгалт тээврийн технологийн төслийн 72 цагийн туршилт өнөөдөр 14:00 цагт эхэлж байна. Төслийн туршилт болон бусад ажилд гадаадын мэргэжилтнүүд ирж ажиллаж буйг цехийн удирдлага мэдээллээ. Авто тээврийн цехийн нийт ажилтны 67 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаад байна. Тус цех намар, өвлийн бэлтгэл, хэрэгжилтийг 53 хувьд хүргэжээ. Засвар, механикийн заводод өвөлжилтийн бэлтгэл 79 хувьтай, бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу өрнөж байна. Геологи, хайгуулын экспедицийнхэн хуучин болон шинэ Хаягдлын аж ахуйн талбайд хийх ажиглалтын төлөвлөлтийн дагуу өрөмдлөгийн ажлаа дуусгаад байгаа бол Ган бөөрөнцгийн цех 40-ийн бэлдэц 164 тонн буюу 22 хоног, 80-ийн бэлдэц 813 тонн буюу 10 хоногийн нөөц бэлджээ.
Энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд зохион байгуулагдсан “MiningWeek & MinePro 2026” үйл ажиллагааны хүрээнд Уурхайчдын спортын наадам боллоо. Наадамд Эрдэнэт үйлдвэрийн баг тамирчид амжилттай оролцож, нийлбэр дүнгээр тэргүүлэн, шилжин явах цомын эзэн болсныг Спорт ордны удирдлага шуурхайд танилцуулав. Мөн тус ордны дэргэдэх “Хангарди” спорт клубын 30 жилийн ойг тэмдэглэж, уг үйл ажиллагаанд үйлдвэрийн ажилтнуудыг өргөнөөр оролцуулахаар төлөвлөж байгаа аж.
Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандартын хүрээнд Мэдлэгийн менежментийн 30401 стандарт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж байна. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 99 дүгээр тушаалын дагуу “Мэдлэг түгээх ажлын байр” төсөл гурав дахь жилдээ амжилттай үргэлжлэн, өнгөрсөн долоо хоногт 4 бүтцийн нэгж дээр 11 шинэ ажлын байр нээгдсэн. Ингэснээр үйлдвэрийн хэмжээнд 40 гаруй “Мэдлэг түгээх ажлын байр” цехүүдийн удирдлагын санаачилгаар бий болж байна. Эдгээр ажлын байраар дамжуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дээшлүүлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор шинэ ажилтнуудыг сургах, хамгаалах, мэдлэг олгох зэрэг олон хэлбэрийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулна гэдгийг Хүний нөөц, захиргааны хэлтэс мэдээллээ.
Энэ долоо хоногт дулаан өгч эхлэхтэй холбогдуулан цаг агаарын нөхцөл байдалд уялдуулан бэлтгэл хангах, улмаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийн технологийн сайжруулалтын үйл ажиллагаа, туршилт судалгааны ажлыг өндөр түвшинд хүргэх зэрэг цаг үеийн болон ирээдүйн төлөвлөгөө зорилтыг биелүүлэхийг Ерөнхий инженер Т.Батмөнх шуурхай зөвлөгөөнд онцлов. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдэлтэй ажлын байр болон шинэ ажилтнуудын эрүүл мэндийн үзлэгийг чанаржуулах, хариуцлагыг өндөржүүлэх үүрэг даалгаврыг ХАБЭА-н хэлтэс болон “Эрдэнэт” сувиллын цогцолборт өгч, анхааруулав.















