“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын анхдагч бүтцийн нэгжүүдийн нэг Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн 45 жилийн ойд зориулсан баярын хурал өнөөдөр боллоо. Түүхт ойн ёслолын үйл ажиллагаа, баярын хуралд тус хүрээлэнгийн анхдагч ахмадууд, үе үеийн удирдлага, судлаач инженер, ажилтнууд болон хүрээлэнгээс төрөн гарсан эрдэмтэн доктор, гавьяатууд оролцов.
Ойн баярын хурлын үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх оролцож, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр, “Эрдэнэт үйлдвэрийн технологийн үйл явц, тэдгээрийн сайжруулалтыг жилээс жилд тасралтгүй хийж ирсний үндэс суурь нь Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн үе үеийн судлаач инженерүүдийн хөдөлмөр зүтгэлийн үр шимтэй салшгүй холбоотой. Энэ утгаараа та бүхэн бол үйлдвэрлэлийн технологийн нүд, чих болж байдаг. Үйлдвэрлэл үр өгөөжтэй ажиллах үндэс нь өнөөгийн Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн ажилтан, судлаач инженерүүд, нийт хамт олны судалгааны ажлын үр шимээс эхтэй гэдгийг онцгойлон тэмдэглэж, халуун баяр хүргэе. Тус хамт олны дундаас шинжлэх ухааны олон эрдэмтэн, төрийн шагналтнууд төрөн гарсан нь үйл ажиллагааны цар хүрээ, ач холбогдлыг илэрхийлж байна” хэмээсэн юм.
Түүнчлэн, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал, Химийн шинжлэх ухааны доктор Х.Оюунтунгалаг хамт олондоо 45 жилийн ойн баярын мэнд хүргэхийн зэрэгцээ өнгөрсөнд бүтээснээ эргэн дурсаж, одоо болон ирээдүйд бүтээх зорилт бодлогоо тодорхойлон, ахмад үеийнхнээрээ бахархах түүхэн цаг мөчтэй золгож буйг тодотгов. Шинжилгээний төв лабораторийн анхны монгол даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин, Шинжлэх ухааны доктор Ж.Баатархүү, баярын хуралд хэлсэн үгэндээ, “Өнөөдрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн өсөлт хөгжил, ашиглаж буй багаж хэрэгслийг хараад энд ажиллаж буй та бүхэн аз хийморьтой хүмүүс гэж хэлмээр байна. Ажлын амжилт ерөөж, хоёргүй сэтгэлээр ажиллаарай” гэж онцолсон бол тус лабораторийн анхдагч ажилтан Ж.Аюуш, “Баяжуулах үйлдвэрийн харьяаны жижиг цехээс эрдэмтэн судлаачдын өргөн бүрэлдэхүүнтэй Судалгаа, шинжилгээний хүрээлэн болон өргөжсөнийг харахад бахархал төрж байна” гэж баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэ үеэр тус хүрээлэнгийн зарим ажилтнуудыг Засгийн газар болон орон нутгийн төр захиргааны шагналаар шагнаж, гардуулсан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны “Тэргүүний ажилтан”-аар Рентген спектрийн шинжилгээний лаборант Б.Батцэцэг, “Тэргүүний уурхайчин” цол, тэмдгээр Эрдэм шинжилгээ, судалгааны хэсгийн тэргүүлэх мэргэжилтэн Ж.Батбаатар, яамны “Жуух бичиг”-ээр Судлаач инженер Б.Өлзийтулга, Судлаач инженер Б.Батхишиг, Чанар, бүтээмж хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхцэцэг, Орхон аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Дээж бэлтгэгч Т.Нандинжаргал, Тээрмийн машинч Х.Хатанболд, МАМБХ-ны “Тэргүүний баяжуулагч”-аар Хөвүүлэн баяжуулагч С.Үүрийнтуяа, Эрдэнэт хотын 50 жилийн ойн медалиар Эрдэс судлаач инженер Ц.Цэдэнбал, Судлаач инженер М.Агиймаа, Цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Б.Ганхуяг тэргүүтэй ажилтнууд болон ҮЭХ-ны “Уурхайчны алдар” тэмдгээр Тээрмийн машинч Э.Мөнхбат, МЭХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр Дээж бэлтгэгч Ч.Шүрэнцэцэг нарыг шагнаж, урамшууллаа.
Уул уурхай, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн сонгодог хоршил гэж хэлж болох Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсон цаг үеэс үйлдвэрлэлийн туршилт, судалгааны ажлыг хариуцах чиг үүрэг бүхий Шинжилгээний төв лаборатори Баяжуулах үйлдвэрийн харьяанд байгуулагдаж байв. 1981 онд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологийн туршилт, судалгаа өргөжин тэлэхийн хэрээр эрэлт хэрэгцээ, шаардлага нэмэгдэн, Шинжилгээний төв лаборатори бие даасан цех болон ажиллаж эхэлснээр өнөөгийн Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн үндэс суурь тавигдсан байна.
Анх найман хүний бүрэлдэхүүнтэйгээр эхэлж байсан Шинжилгээний төв лаборатори нь 2007-2009 онд Судалгаа, хөгжлийн төв, 2009-2014 онд Шинжилгээний төв лаборатори, 2014-2016 онд Судалгааны төв, 2016-2019 онд Лаборатори судалгааны төв, 2019 оноос Судалгаа, шинжилгээний хүрээлэн болон шинэчлэгдэн өргөжиж, өнөөгийн байдлаар 55 ажилтантай, MNS ISO/ IEC 17025:2018 стандартаар магадлан итгэмжлэгдсэн эрдэс боловсруулалт, эрдэс судлал, усны судалгааны чиглэлээр олон улсын шаардлагад нийцсэн лаборатори, хагас үйлдвэрлэлийн бааз бүхий цогцолбор хүрээлэн болон хөгжиж байна. Тус хүрээлэнг анхны жилүүдэд Орос мэргэжилтэн Багданова О.П, Волошин В.А, Соловёва Л.М нар удирдаж байсан бол 1984 оноос Ж.Баатархүү, Цветков И.Л, Ц.Туяа, Л.Батаа, Л.Мөнхбаяр, Ц.Цэнд-Аюуш, Х.Оюунтунгалаг нар үе үеийн удирдлагаар ажиллаж иржээ.















