Засвар, угсралтын цех 35 жилийнхээ ойн хүрээнд 35 бүтээлч ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдөр зохион байгуулсан “Миний гэр бүл-Миний бахархал” аялал юм. Тус цех ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдийг ажлын байрандаа урьж, уул уурхайн хүнд үйлдвэрийн ажлын онцлог, орчин нөхцөл, үйлдвэрлэлийн технологийн үйл явц аав ээж, хань ижлийнх нь оролцоотой хэрхэн явагддагийг үзүүлэх, ар гэрийнхний зүгээс ямар дэмжлэг, үүрэг байж болохыг ойлгуулах зорилготой энэхүү аялал өдөрлөгийг зохион байгуулжээ. Аялалд 50 гаруй ажилтны ар гэрийнхэн хамрагдсан байна.
Өдөрлөгийн үйл ажиллагаа ХАБЭА-н зааварчилгаагаар эхэлж, тус цехийн өчигдөр-өнөөдөр-маргаашийн талаар дэлгэрэнгүй танилцуулгаар үргэлжилж, Уулын технологийн тээврийн өөрөө буулгагч, хүнд даацын автомашинуудыг дэргэдээс нь үзэж, Ил уурхайн тэсэлгээ орчин үед хэрхэн явагдаж байгааг нүдээр харж нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Тэд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, тэр дундаа технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн суурилуулж, засвар үйлчилгээ хийдэг Засвар, угсралтын цехийн ажилтнууд ямар нөхцөлд хэрхэн ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, сахилга бат, цаг ашиглалт гээд ямар зохион байгуулалтаар ажиллаж, баялаг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулдгийг үзэж танилцан, үдийн хоолны амталгаа хийсэн юм. Мөн ахмад оролцогчдод цехийн захиргааны зүгээр гарын бэлэг гардуулав.
Энэ үйл ажиллагаа нь ажлын байранд ажилтан хүн сэтгэл тайван, өндөр бүтээмжтэй хөдөлмөрлөхөд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эерэг харилцаа, дэмжлэг чухал болохыг ар гэрийнхэнд нь ойлгуулах нэгэн төрлийн нөлөөллийн ажил юм.
















