Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тус ойн хүрээнд Ю.Цэдэнбалын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулав.
Ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх тэргүүтэй орон нутгийн төр захиргааны байгууллагын удирдлага, “Эрдэм судлал-Ю.Цэдэнбал” академийн Орхон аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Б.Мянганбаяр, салбарын тэргүүлэгчид, Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Ойдов болон нутгийн иргэдийн төлөөлөл, Эрдэнэт хотоос төрсөн Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, анхдагчид оролцлоо.
Дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх нээж, хүндэтгэлийн үг хэлэв. Тэрээр, “Тавин жилийн түүхтэй Эрдэнэт хот, тасралтгүй хөгжиж буй Эрдэнэт үйлдвэр, зуун жилийн хөгжлийг баталгаажуулсан их бүтээн байгуулалт бол алсыг харсан төрийн бодлого, хөдөлмөрч бүтээн байгуулагчдын хамтын зүтгэлийн бодит гэрч юм. Энэ утгаараа Юмжаагийн Цэдэнбал агсны алдар нэр зөвхөн түүхийн хуудсанд бус, Монголын хөгжил дэвшил, Эрдэнэтийн бүтээн байгуулалтын түүхтэй хамт мөнхөд оршсоор байх болно. Томоор сэтгэж, алсыг харж, үндэсний хэмжээний их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн энэ эрхэм хүний алдар гавьяаг бид үргэлж хүндэтгэн дурсаж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх учиртай” хэмээн 20-р зууны манлай их бүтээн байгуулалтыг эхлүүлэх төрийн шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлсэн түүхэн үйл хэргийг нь онцлон тэмдэглэсэн.
Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр “Эрдэм судлал-Ю.Цэдэнбал” академийн Орхон аймгийн салбар зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, профессор Б.Мянганбаярт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит шагнал олгосныг гардуулан баяр хүргэлээ.
Эрдэнэтийн их бүтээн байгуулалт эхэлсэн он жилүүдэд Ю.Цэдэнбал даргын санаачилга, удирдлага дор Монгол-Зөвлөлтийн ард түмний мөнхийн найрамдлын үр шим болсон Эрдэнэт хотын намын байгууллагыг удирдаж байсан Б.Мянганбаяр дарга эдүгээ ч түүхэн алдар гавьяаг нь мөнхжүүлэн, улс орны ирээдүй хувь заяа, хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүргийг хойч үед өвлүүлэн үлдээх зорилгоор “Эрдэм судлал- Ю.Цэдэнбал” академийн Орхон аймаг дахь салбарыг ахлан ажиллаж байна. Эрдэнэтийн бүтээн байгуулалт, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулах, өндөр үр ашигтай ажиллуулах бүхий л үе шатанд Ю.Цэдэнбалын гаргасан санаачилга, дэмжлэг, оролцоог түүхэн баримт бичигт тулгуурлан судалж, олон нийт, ирээдүй үеийнхэнд таниулан үлдээх ажилд хүчин зүтгэж байгааг үнэлэн, энэхүү нэр хүндтэй шагналыг олгосонд гүн талархалтай буйгаа тэрээр энэ үеэр илэрхийлсэн.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойд зориулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Төрөлжсөн архиваас түүхэн гэрэл зураг, баримтаар тусгай үзэсгэлэн дэлгэж толилуулав. Хүндэтгэлийн ажиллагаанд оролцогчид, зочид тус үзэсгэлэнд тавигдсан түүхийн ховор, үнэт баримт материалтай танилцахын зэрэгцээ дурсгалын зураг татуулж, түүх дурсамж яриа, сэтгэгдлээ хуваалцлаа.
Дашрамд тэмдэглэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 94 тоот тогтоолоор гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам, холбогдох байгууллагын саналыг үндэслэн тухай үеийн нэршлээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон билээ.
Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газар, Хүний нөөц, захиргааны хэлтэс, Төрөлжсөн архив, Аж ахуй, үйлчилгээний цех, Соёл, урлагийн цогцолбор, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн 816 дугаар анги, “Эрдэм судлал-Ю.Цэдэнбал” академийн Орхон аймгийн салбар зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.















