“MiningWeek & MinePro 2026 – International Mining Exhibition & Convention” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэн өнөөдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Тайж хайрхны бэлд эхэллээ.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Д.Сандаг-Очир болон төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. Ерөнхий сайд Н.Учрал мэндчилгээ дэвшүүлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Уул уурхайн 7 хоног”-ийн нээлтийн илтгэл танилцуулсан.
Мөн энэ үеэр, Геологи, Уул Уурхай, Эрдэс Баялгийн Мэргэжлийн Нэгдсэн Холбоо нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Тус ёслолд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Геологи, Уул Уурхай, Эрдэс Баялгийн Мэргэжлийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Цогбаатар нар оролцож, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ жилийн “MiningWeek & MinePro 2026” нь “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй ба олон улсын түншлэл” үндсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулагдаж, уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, ногоон шилжилт, хөрөнгө оруулалт, шинэ технологи, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж байна.
Тус үйл ажиллагаанд 15 орны 350 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 20 мянга гаруй оролцогч хүрэлцэн ирж, уул уурхайн техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ шийдлүүдээ танилцуулж байна. Ийнхүү Монгол Улсын эрдэс баялгийн салбарын бодлого, хөрөнгө оруулалт, технологи, олон улсын хамтын ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн “MiningWeek & MinePro 2026” олон улсын чуулган, үзэсгэлэн есдүгээр сарын 16–18-ны өдрүүдэд үргэлжилнэ.















