“Ил уурхайн хөрсний тээвэрт Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх” төслийг ашиглалтад оруулснаар жилд 7 сая.м3 хөрс болон балансын бус хүдрийг овоолгууд руу тээвэрлэнэ. Уг тээврийн технологи нь бутлуурын байгууламж, конвейер, овоолго үүсгэгч, машинд ачих байгууламж гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэх 2.8 км урт тээвэрлэлтийн систем юм.
Одоогоор бутлуурын байгууламж, шигшүүр, бункер, конвейерын систем болон овоолго үүсгэгчийн үндсэн угсралт хийгдэж, бутлуурын тоног төхөөрөмжийн угсралт 98, барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэл 97.7, конвейерын лент болон цахилгааны кабель угсралтын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй. Мөн цахилгаан хангамжийн ажлын хүрээнд нийт 17 бетонон шон суурилуулж, агаарын шугам татсан бөгөөд төслийн гурван дэд станцад хүчдэл өгч, тоног төхөөрөмжүүдийг эрчим хүчээр найдвартай хангах нөхцөлийг бүрдүүлээд байна.
Конвейер №1, №2, №3, №4-ийн трассын дагуух газар шорооны ажлыг бүрэн дуусгаж, конвейеруудын шилжих станцуудын угсралтын ажлыг гүйцээжээ. Ингэснээр хөрс, балансын бус хүдэр, бутлагдсан материалыг технологийн дараагийн дамжлагад тасралтгүй нийлүүлэх үндсэн шугамын механик угсралт дууслаа. Мөн гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг бүрэн дуусгаж, технологийн тоног төхөөрөмжийн ажиллагаанд хяналт тавих, талбайн аюулгүй байдал, хэвийн ашиглалтыг хангах нөхцөлийг бүрдүүлэн, системийн туршилт тохируулга үргэлжилж байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хүнд даацын өөрөө буулгагч автомашины тоо, ашиглалтын зардал, түлшний зарцуулалт буурах юм. Түүнээс гадна шороон замын тээвэрлэлт буурснаар тоосжилт багасаж, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжирна гэж Ил уурхайгаас мэдээллээ.















