Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийнхэн Хаягдлын аж ахуйн 11 дүгээр худгийг хаах, 12 дугаар худгийг байнгын ашиглалтад оруулах онцгой үүрэг даалгавар бүхий ажлыг мэргэжлийн өндөр ур чадвар, хариуцлага, шуурхай ажиллагаа, инженерийн сэтгэлгээнд тулгуурлан, холбогдох бүтцийн нэгжүүдтэй хамтран амжилттай гүйцэтгэлээ.
Ингэснээр үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй нөхцөлд богино хугацаанд үр дүнтэй шийдвэр гаргаж, ажилласан байна. Хаягдлын аж ахуйн 11 дүгээр худгийн бетонон хаалтууд ус тогтоон барих чадваргүй болж, их хэмжээний ус алдаж байснаас үүдэн тус ажлыг 6 метрийн гүнд усан дор гүйцэтгэх шаардлага үүсжээ. Иймээс болзошгүй эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Гэрээт Гал түймэр унтраах 058 дугаар ангийн албан хаагчидтай хамтран, мэргэжлийн шумбалтын ажиллагааг зохион байгуулж, ус алдаж байсан бетонон хаалтуудыг өргөн гаргаж, жийргэвчийг сайжруулж, буцаан суурилуулан, ус алдалтыг зогсоосон байна. Өөрөөр хэлбэл, нуурын усны гадаргаас 18 метрийн гүнд хязгаарлагдмал битүү орчинд 1400 мм-ийн голчтой 3 ширхэг ган хоолойг амжилттай хааж бетондох ажлыг хийж гүйцэтгэжээ.
Мөн өмнөх жилүүдэд худгийг хаахдаа ашиглагдаж байсан хуучин бетонон хаалтуудыг авч чадалгүй элсэнд булагддаг байсныг татан авах инженерийн шийдэл гаргаж, өргөх төхөөрөмжийг өөрсдийн хүчээр санаачлан хийж, нийт 31 ширхэг бетонон хаалтыг усны гүнээс татан авсан байна. Ингэснээр 12 дугаар худгийг ашиглалтад оруулахад шаардлагатай бетонон хаалтуудын нөөцийг нэмэлт зардал гаргалгүй бүрдүүлснийг тус цехийн Үйлдвэр техникийн товчооны дарга Т.Гэрэлт-Од онцлов.
Түүнчлэн, 12 дугаар худгийг байнгын ашиглалтад оруулах хүрээнд ус хүлээн авах амсрын гурван ширхэг ган хоолойг шаардлагатай хэмжээгээр тайрч усны нөөцийг нэмэгдүүлэх, нөгөө талаас бетонон хаалтуудын завсраар их хэмжээний ус алдсанаас нуурын усны гадаргаас 8м доош бууж, хийн зүсэгчээр зүсэх боломжгүй зэрэг нөхцөл шаардлага үүссэн ч инженер, техникийн ажилтнууд тухайн нөхцөлд тохируулан, шийдэл гаргаж, 12 дугаар худгийг байнгын ашиглалтад оруулах нөхцөлийг бүрдүүлж чадсан байна.
Энэ ажлын үр дүнд Баяжуулах үйлдвэрийн эргэлтийн усны нөөцийг 10.0 сая м³-ээр нэмэгдүүлэх бодит боломж бүрджээ. Түүнчлэн, өвлийн улиралд ус хөлдөж нөөц багасах, үйлдвэрлэлийн усан хангамжийн найдвартай байдал алдагдах, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа доголдох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг тогтвортой хангахад өндөр ач холбогдолтой ажил боллоо.

















