НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын “Тэсвэртэй байдлын өдөр”-ийн үйл ажиллагаанд “Хүн төвтэй байгаль хамгаалал” ТББ-ын захирал Я.Нарангэрэл оролцож, уул уурхайн бүс дэх нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн судалгааг танилцуулан, тэдний амьжиргааны асуудал, уур амьсгалын зохицлыг дэмжих шийдлүүдийн талаар санал бодлоо илэрхийллээ.
Тэрээр, газрын доройтол, ган, усны хомсдол нь малчдын амьжиргаа болон уул уурхайн бүсийн нийгэм экологийн тогтвортой байдалд нэгэн зэрэг нөлөөлдгийг онцлоод, иргэдийг зөвхөн үр шим хүртэгч бус байгалийн нөөцийн зохион байгуулагч, менежер, хөрөнгө оруулагч эрх эзэмшигч болгон оролцуулах нь чухал гэв.
Түүний, “СОР17”-д өгөх гол мессеж нь тэсвэртэй байдал бол нөхөн сэргээлтээс гадна нутгийн иргэд байгалийн нөөцөө удирдаж, амьжиргаагаа хамгаалж, өөрчлөлтөд дасан зохицох чадвартай байх байлаа. Үүний тулд орон нутгийн иргэдийг урт хугацааны түнш болгох, байгаль хамгааллын үр дүнг өрхийн бодит эдийн засгийн өгөөжтэй холбож, ашиглаж буй бэлчээрээ алдах үед малчдын эрх, шударга нөхөн олговрыг хамгаалах, компанийн хөрөнгө оруулалтыг ус, бэлчээр, биологийн олон янз байдлын нэгдсэн шийдэлд чиглүүлэх хэрэгтэй гэсэн санаа дэвшүүлэв.















