Монголын хүүхэд, залуусын “Үндэсний майхант цугларалт-2026” Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зусланд анх удаа зохион байгуулагдаж, өчигдөр нээлтээ хийлээ.
Энэ жил, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” уриатайгаар, тэгш оролцоон дээр хязгааргүй боломжийг эрэлхийлж, 21 аймаг, есөн дүүргийн 500 гаруй хүүхэд үндэсний хэмжээний энэхүү цугларалтад оролцож байгаагаараа онцлог юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Монголын хүүхдийн зөвлөлийн Тэргүүн Б.Дашням, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Г.Номин, Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын Ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Долгормаа, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Ууганбаяр, Монголын скаутын холбооны Гүйцэтгэх захирал А.Билгүүн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан, Онцгой байдлын хойд бүсийн захирагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж нарын албаны хүмүүс оролцлоо.
Монголын хүүхдийн зөвлөлийн Тэргүүн Б.Дашням “Үндэсний майхант цугларалт”-ыг нээж үг хэлэхдээ, “Дөрөв хоногийн хугацаанд хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах түвшинд уламжлах сайхан боломжийг олгож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, энд ажиллаж байгаа бүх албан хаагч нартаа баярлалаа” хэмээн талархал илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Г.Номин Ерөнхий сайдын илгээлт бичгийг уншиж сонордууллаа. Тэрээр, Монгол Улсын Засгийн газар, хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлсээр байгааг дурдаад, хүүхэд залуусыг шинжлэх ухаан, технологи, инновацын боловсрол, бүтээлч сэтгэлгээ, инженерчлэлийн ур чадварыг дэмжих зорилгоор “Хүүхдийн ордон-2”-ыг ирэх 10 дугаар сард нээхээр төлөвлөж байгааг дуулгав. Мөн энэ удаагийн “Үндэсний майхант цугларалт”-аас гурван чухал үр дүн хүсэж байгаагаа илэрхийлжээ. Нэгдүгээрт, үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчны эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг чадвараа нэмэгдүүлээрэй, хоёрдугаарт, хүүхдийн төлөө За бол заавал хийх үзэл санааг үе тэнгийнхэн, гэр бүл, найз нөхөд, олон нийтэд түгээн дэлгэрүүлээрэй, гуравдугаарт, нүүдэлчин ахуй, өв соёл, амьдрах ухаан, адал явдалт сургалтаар дамжуулан эх оронч үзэл, үндэсний бахархал, хамтын үнэт зүйлсээ бэхжүүлээрэй. Та бүхний энэ цугларалтаас гарсан санал санаачилга, уриалга, зөвлөмжийг Засгийн газар бодлого шийдвэртээ тусган хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно гэжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат цугларалтын үйл ажиллагаанд амжилт хүсэж үг хэлэхдээ, “Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулахын зэрэгцээ хүүхэд, залуучуудын хөгжил, боловсрол, авьяас чадвар, оролцоог дэмжихийг нийгмийн хариуцлагын нэгэн чухал хэсэг гэж үздэг. Орос цэцэрлэг, Орос сургууль, Соёл, урлагийн цогцолбор, Спорт цогцолбор, Эрдэнэт цогцолбор их сургууль гээд, хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь эхлээд мэргэжлийн диплом өвөртлөх хүртэл бүхий л хөгжлийг дэмжин ажиллаж байна. Өнөөдөр ч олон хүүхдийн дурсамж, нөхөрлөлийн үнэ цэн шингэсэн “Найрамдлын Эрдэнэс” зусландаа та бүхнийг хүлээн авлаа. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн бас нэгэн бахархал” хэмээн онцлов.
Оролцогч хүүхдүүд хөгжил, оролцоо, багаар ажиллах чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, аюулгүй ажиллагааны дадал, анхан шатны тусламж үзүүлэх үндсэн арга барилыг онол, дадлага хослуулан эзэмших, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэсэн өртөөчилсөн сургалтуудад хамрагдах юм. Энэ хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын Ерөнхий газар “Хүүхдийн эрх, хөгжлийн өртөө”, Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар “Бүх хайраа гэр бүлдээ” хотхон ажиллуулж, хүүхдийн эрх, хамгаалал, гэр бүлийн үнэт зүйлсийг төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжихэд чиглэсэн сонирхолтой, үр өгөөжтэй хөгжлийн хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна.















