“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнийг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор удирдан явууллаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, бүтцийн нэгжүүдэд зорилтот хяналт шалгалт зохион байгуулжээ. Дөрөвдүгээр шатны хяналт шалгалтыг Чанарын хяналтын хэлтэст хийж, “хангалттай” гэсэн үнэлгээ авсан байна. Нийт 57 ажлын байранд хэмжилт хийхэд дөрвөн тохиолдолд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлт гарчээ. Галын дуудлага гараагүй бөгөөд 92 ажилтанд ХАБЭА-н зааварчилгаа өгсөн байна.
Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн биелэлт болон бараа материалын нөөц бүрдүүлэлтийн явцыг танилцууллаа.
Хүний нөөц, захиргааны хэлтсээс Улаанбаатар хотод энэ сарын 17-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах “СОР-17” бага хуралд Эрдэнэт үйлдвэрээс оролцох бэлтгэл ажлын талаар мэдээлж, үйлдвэрийн танилцуулга, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах болон хурлын хэлэлцүүлэгт оролцох албан тушаалтнуудын нэрийг батлуулсан талаар танилцуулав. Цэнхэр болон ногоон бүсэд ажиллах бүртгэл, холбогдох мэдээлэл, санамж бичгүүдийг оролцогчдод хүргүүлэн ажиллаж байна.
Нийгмийн харилцааны хэлтсээс Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт өнөөдрийн байдлаар 3751 ажилтан буюу нийт ажилтны 43.8 хувь хамрагдсан талаар мэдээлэв.
“Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Найрамдлын Эрдэнэс” зуслан энэ онд амрагч хүүхдүүдийг найман ээлжинд хүлээн авч, дууссан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Үндэсний майхант цугларалт-2026”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангажээ.
Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, энэ сарын 14-нд болсон “Чингис хаан Үндэсний баялгийн сан нэгдэл” ХХК-ийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, төлөөлөл оролцож, тайлан, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан тухай мэдээлэл хүргэсэн. 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, үзүүлэлтээр тус нэгдлийн харьяа компаниудаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа бүх үзүүлэлтээр тэргүүлж байгааг энэ үеэр дурдлаа.
Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор, Үйлдвэрийн төлөвлөгөөт болон үндсэн ажлууд хэвийн хэрэгжиж байгаа боловч молибдены борлуулалт, бараа материалын нөөц, технологийн материалын нийлүүлэлт зэрэг асуудалд анхаарах шаардлагатайг тэмдэглэв. Молибдены баяжмалын борлуулалт удааширч байгаатай холбоотойгоор бүтээгдэхүүний хадгалалтын чанар, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул холбогдох нэгжүүд зохион байгуулалтын арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд нэмэлт зардал гарган асуудлыг шийдвэрлэх чиглэл өглөө.
Мөн тендерийн улмаас хойшилж буй хүхэрт натри, технологийн материал, Ил уурхайн өрмийн хошуу болон шаардлагатай сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийг шуурхай зохион байгуулахыг анхааруулав.
Өнгөрсөн долоо хоногт техникийн зөвлөл хуралдаж, үйлдвэрийн эрсдэлийг тооцон шаардлагатай бараа материал худалдан авах үндэслэл, холбогдох баримт бичгийг боловсруулсан бөгөөд худалдан авах ажиллагааг хууль, дүрмийн хүрээнд түргэн шуурхай зохион байгуулах шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн, гамшгаас хамгаалах штаб, холбогдох нэгжүүд хамтран, амралтын баазын орчимд хортой ургамлыг устгах ажлыг зохион байгуулсан талаар мэдээлж, уг ажлыг сайн зохион байгуулсан ажилтнуудад талархал илэрхийлэв. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны үеэр ХАБЭА-н чиглэлээр идэвх санаачилгатай ажилласан ажилтнуудын ажлыг мөн сайшааж, цаашид хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэхийг чиглэл болголоо.
Дулааны цахилгаан станцын их зогсолттой холбоотой бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан бөгөөд холбогдох бүтцийн нэгжүүд хийх ажлаа тодорхой болгосон байна.
Ерөнхий захирал Г.Ёндон өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын болон “Чингис хаан Үндэсний баялгийн сан нэгдэл” ХХК-ийн удирдлагуудад үйлдвэрийн үйл ажиллагаа, балансын тайлан, экспорттой холбоотой асуудлуудыг танилцуулсан талаар мэдээлэв.
Түүнчлэн, молибдены баяжмалын борлуулалт, экспортын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хэд хэдэн хувилбар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах шаардлагатай байгааг онцоллоо.
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахын тулд төлөвлөгөөт болон давтамжит засвар үйлчилгээг чанартай хийхийн зэрэгцээ сэлбэг, материалын нөөцийг урьдчилан тооцож, бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Үйлдвэрийн санхүүжилттэй холбоотой томоохон асуудлууд байгаа энэ үед шаардлагатай хөрөнгө, нөөцийн төлөвлөлтийг цаг хугацаанд нь хийх нь чухал гэдгийг анхаарууллаа.
Мөн тендер, бараа материалын худалдан авалттай холбоотой гомдол, маргааны шалтгааныг нарийвчлан судалж, аль шатанд ямар асуудал үүсэж байгаад дүн шинжилгээ хийж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.















