“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын хамт олон, Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 104 жил, эрчим хүчний ажилтны өдрийг өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Эрдэнэт үйлдвэр, цахилгаан эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжих хүртэлх хөгжлийн түүхэн замнал, ололт амжилтын гол эзэд болсон Дулааны цахилгаан станцын 50 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ утгаараа ДЦС-ынхан энэ жилийн мэргэжлийн баярын өдрөө эх түүхээ эргэн харж, өчигдөр, өнөөдрийн хийж бүтээснээрээ бахархаж бахдан, өргөн цар хүрээнд тэмдэглэснээрээ онцлог боллоо.
“Монгол Улсын орчин цагийн эрчим хүчний салбарыг хөгжүүлж, улс эх орноо цахилгаан дулаанаар хангах, эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ын эрхэм хүндэт инженер, техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд, нийт хамт олондоо “Эрчим хүчний салбарын ажилтын өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье” хэмээн тус станцын дарга, Монгол Улсын Зөвлөх инженер Г.Мөнх-Эрдэнэ нээснээр, өдөрлөгийн үйл ажиллагаа эхлэв.
1976 онд Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын эхэнд “Төв уурын зуух” нэртэйгээр байгуулагдан, шинэ хотыг дулаан сүлжээгээр хангаж эхэлснээр өнөөгийн Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын эх үндсэн тавигдсан байна. Энэ цаг үеэс өнөөг хүртэлх хугацаанд тус станцад үе шаттай өргөтгөл хийснээр Дулааны цахилгаан станц болон өргөжиж, цахилгаан эрчим хүчний томоохон үйлдвэрлэгчийн эгнээнд шилжсэн юм. Өөрөөр хэлбэл, 2018 онд станцын үйлдвэрлэлийн хүчин чадлыг 48 мВт-аар нэмэгдүүлэн, нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг 53 мВт-д хүргэн, өргөтгөж байв. Ингэснээр тус станц дотоодын цахилгаан, дулааны хэрэглээг хангахын зэрэгцээ төвийн эрчим хүчний системд цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлж байна. Энэхүү хагас зууны хөгжлийн амжилт ололтоо цехийн дарга Г.Мөнх-Эрдэнэ баярын үеэр онцоллоо.
Баярын нээлт, туг өргөх ёслолоор үргэлжилж, ахмадууд тэргүүлэн бүх ажилтнууд хэсэг нэгжээрээ хуваагдан жагсаж, Дулааны цахилгаан станцын ахмад ажилтан Ч.Алтангэрэл, Хими ус бэлтгэлийн хэсгийн ахлах аппаратчин С.Баасан, Цахилгаан техникийн хэсгийн цахилгааны монтёр Г.Энхсанаа нар төрийн далбаа болон Эрдэнэт үйлдвэр, цехийн тугийг хүндэтгэлтэйгээр мандуулав. Өдөрлөгийн үйл ажиллагаанд тус ДЦС-ын дарга асан Т.Лхагважав, Ц.Пүрэвсүрэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ш.Төрбат, Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний хэлтсийн ахлах эрчим зүйч С.Баянбат нарын хүндэт зочид оролцож, түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэж буй хамт олондоо баярын мэндчилгээ дэвшүүллээ.
ДЦС-ын 50 жилийн ой, Эрчим хүчний ажилтны өдөрт зориулсан өдөрлөг уламжлал ёсоор үндэсний бөхийн барилдаан, сур харваа, шагай харваа, дэмбээ, сээр цохих, шагай шүүрэх зэрэг үндэсний эрийн гурван наадам, тоглоом наадгайг ажилтнуудын дунд зохион байгуулж, аваргуудаа тодруулан урамшуулав.
Мөн цехийн авьяаслаг ажилтнууд дуу хуурын дээжээс толилуулж, шилдэг ажилтнууддаа салбарын болон, Засгийн газар, Эрдэнэт хотын 50 жилийн ойн медаль гардуулан амжилт хүслээ.
Улс орны хөгжлийн тулгуур салбарын нэг болох цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлтэд жинтэй байр суурь эзэлж, гэрэл нэмж, дулаан түгээх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ын хамт олны ирээдүй өөдрөг, ажил хөдөлмөр өрнүүн байгааг тэдний түүхэн 50 жилийн замнал тодотгон харуулж байна.























