Оны эхний хагас жилд Спорт цогцолбор давхардсан тоогоор Эрдэнэт үйлдвэрийн 60,642 ажилтанд нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйлчилгээ үзүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 11,525 хүнээр өссөн байна. Мөн энэ хугацаанд 1.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, эдийн засгийн үзүүлэлтээ амжилттай ахиулжээ.
Өвлийн спортын үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулсны дотор Өвлийн XVIII спартакиад хөгжилтэй буухиа, чарганы уралдаан, мөсөн шагай, гүйлтийн цана, сноуборд, тэшүүрийн төрлөөр амжилттай явагдаж, уламжлалт Цасны өдөрлөгт нийт 2,686 ажилтан оролцсон юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн залуу ажилтнуудын дунд зохион байгуулсан "Залуусын хавар-2026" спорт өдөрлөгт 350 гаруй залуу оролцсон нь хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлсэн онцлох үйл ажиллагаа болов.
Тус цогцолбор спортын шинэ төрлийг хөгжүүлэх чиглэлээр мөн санаачилгатай ажиллаж, пиклболын спортыг шинээр нэвтрүүлж, сургалт, тэмцээнүүдийг зохион байгуулсан нь ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг өргөжүүлэв. Түүнээс гадна, спорт цогцолбор улсын чанартай томоохон тэмцээнүүдийг өндөр хэмжээнд зохион байгууллаа. Тухайлбал, Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг-8" тэмцээн, усанд сэлэлт, пауэрлифтинг, жүдо, самбо, үндэсний бөх, уулын цана, хоккейн төрлөөр Улсын аварга шалгаруулах болон олон хотын тэмцээнүүдийг Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулсан. Мөн Орхон аймаг болон "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан, өсвөр үеийн улсын аваргууд, усанд сэлэлт, пауэрлифтинг, жүдогийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж, Эрдэнэт хотын спортын нэр хүндийг улам бататгалаа.
Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын секц дугуйланд хичээллэдэг тамирчид оны эхний хагас жилд 34 алт, 38 мөнгө, 58 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүлжээ.















