Түүхт 50 жилээ тэмдэглэж буй Эрдэнэтчүүдийн хувьд ажил хөдөлмөр өрнүүн, бүтээн байгуулалт үргэлжлэн, Эрдэнэт хот өнгөө засаж байна. Эрдэнэтчүүд 50 жилийн ойдоо хэрхэн бэлдсэнд хариулт болгож, Орхон аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Бат-Өлзийгөөс тодруулсан мэдээллийг хүргэж байна.
Түүхт 50 жилийн ойн хүрээнд Орхон аймаг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын 59 ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. Үүнд хот доторх авто замын 11 байршилд шинэчлэл засвар, 18 байршилд гэрэлтүүлэг, чимэглэл болон гадна тохижилтын 38 ажил тус тус хийгдлээ.
Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд тус үйлдвэрийн 10 тэрбум төгрөгийн хандиваар “Эрдэнэт” угтах хаалганы тохижилт, хуучнаар гурван замын шалган нэвтрүүлэх цэгээс Хивсний үйлдвэр хүртэлх гэрэлтүүлэг, Найрамдал өндөрлөг болон “Их шүтээн” буюу Бурхан багшийн сэрэг дүр орчмын тохижилт, Их залуу багаас Булган аймаг руу гарах зам хүртэлх гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөн, гүйцэтгэл үргэлжилж байна.
Мөн Татварын тухай хуулийн заалтын дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувь буюу Эрдэнэт үйлдвэрийн орлогын албан татварын нэг хувийн санхүүжилтээр Эрдэнэт хотын цэнгэлдэх хүрээлэн болон Олимп баазын засвар, Уурхайчин хороололд баригдах сургууль, цэцэрлэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Хөгжлийн төвийн барилга зэрэг бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна.
Эрдэнэт хотын цэнгэлдэх хүрээлэнгийн бүрэн засварт 9.2 тэрбум төгрөг зарцуулж буй бөгөөд ойрын үед дуусгахаар төлөвлөжээ. Харин энэ онд дээрх санхүүжилтээс “Уурхайчин” хорооллын хүүхдийн цэцэрлэгт 4 тэрбум, сургуульд 10 тэрбум, Цагаанчулуут багт баригдах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөгжлийн төвийн барилга барих ажилд 4 тэрбум, Олимп баазын засварт 1.2 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөж, ирэх онд ашиглалтад оруулах юм.















