Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг. Харин зарим хүний хөдөлмөр зөвхөн өөрийнх нь амжилтаар хэмжигдэхгүй, олон арван шавийнх нь ур чадвар, бүтээсэн өвөөр үнэлэгддэг. Тийм эрхмүүдийн нэг бол хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 40 жил, үүнээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборт 30 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн Монгол Улсын Мастер тогооч, Олон улсын шүүгч Банзрагчийн Байгалмаа юм.
Түүний олон арван жилийн хөдөлмөр, салбартаа оруулсан бодит хувь нэмэр, хүний нөөц бэлтгэсэн гавьяаг төрөөс өндрөөр үнэлж Монгол Улсын "Үйлчилгээний гавьяат ажилтан" цолоор шагналаа.
Б.Байгалмаа 1995 оноос эхлэн “Сэлэнгэ” амралтын баазын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажлыг удирдан зохион байгуулж, үйлчилгээний чанар, хоолны соёл, мэргэжлийн ур чадварыг шинэ шатанд гаргахад манлайлан ажилласан юм. Тэрээр зөвхөн чадварлаг тогооч төдийгүй мэдлэг, туршлагаа харамгүй түгээгч сурган хүмүүжүүлэгч, олон улсын шүүгчийн хувиар Монголын хоол үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг түүчээлж иржээ. -
Түүний бэлтгэн хүмүүжүүлсэн шавь нар Монгол, Македон, Турк зэрэг улсад зохион байгуулагдсан олон улсын болон бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль, Гран-при цом зэрэг өндөр шагналыг удаа дараа хүртсэн байна. З.Мягмарсүрэн, П.Сарангэрэл, Ж.Энхнадмид, Х.Уянга, Н.Болорчимэг, Цэнд-Аюуш, Оюунгэрэл, Цэрэнпагма, Соёлмаа, Д.Ганбаатар, Б.Эрдэнэтуяа зэрэг олон шилдэг тогоочийн амжилтын ард түүний уйгагүй хөдөлмөр, мэргэжлийн зөвлөгөө, багшийн ур чадвар бий.
Ялангуяа 2025 онд Туркийн Анталия хотноо болсон олон улсын тогооч нарын тэмцээнд түүний шавь нар алтан, мөнгөн медаль хүртэж, Монголын тогооч нарын ур чадварыг дэлхийн тавцанд дахин батлан харуулсан нь багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг тод томруун илэрхийлсэн амжилт байлаа. Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван чадварлаг мэргэжилтэн бэлтгэсэн нь түүний бүтээлч амьдралынх нь бодит үнэлгээ юм.

















