Эрдэнэт цогцолбор их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын 27 дахь удаагийн төгсөлтийн “Эрдмийн баяр” боллоо.
Тус хичээлийн жилд Инженер технологи чиглэлийн Мэдээллийн технологи, Цахилгаан системийн автоматжуулалт, Уул уурхайн ашиглалтын технологи, Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Авто инженерчлэл, хүдрийн металлургийн технологи, Нийгмийн ухааны чиглэлийн Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Багш-гадаад хэлний боловсрол Менежмент мэргэжлээр нийт 106 оюутан бакалавр, Хүний нөөцийн менежмент, Үйлдвэрлэлийн менежмент, Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн мэргэжлээр 26 оюутан магистр зэрэгтэй төгсөж, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.
“Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд ЭЦИС-ийн Удирдах зөвлөлийн дарга “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор (Ph.D) Т.Батмөнх, ЭЦИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор Б.Пүрэвдорж нар баяр хүргэж, төгсөгчдөдөө амжилт хүсэн ерөөв. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, ЭЦИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, багш ажилтнууд уригдан оролцлоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Эрдэнэт цогцолбор nх сургуулийг онц дүнтэй төгсөж буй шилдэг оюутнуудад Эрдэнэт үйлдвэрт ажиллах БАТЛАМЖ гардуулдаг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу Авто инженерчлэлийн ангийн оюутан Б.Лхагвадорж, Ашигт малтмалын баяжуулалтын технологийн ангийн оюутан Л.Ариунжаргал, Мэдээллийн технологийн ангийн оюутан Б.Уянга, Б.Ууганбат, Уул уурхайн ашиглалтын технологийн ангийн оюутан М.Сүхбат, Цахилгаан систем автоматжуулалтын ангийн оюутан Л.Одлхагва, Б.Лхагважав нар Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн “Батламж” гардлаа.
Түүнчлэн, сурлага, хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр манлайлж, найман улирлын турш 3.5-с дээш дүнгийн голчтой суралцсан Цахилгаан системийн автоматжуулалтын ангийн төгсөгч Л.Одлхагва, ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч”-өөр шалгарав.















