Монгол Улсад анх удаа өсвөр үеийн олон улсын лигийн тэмцээнийг Олон улсын Туялзуур сэлмийн клубуудын нэгдсэн холбоо, Монголын Туялзуур сэлмийн холбоотой хамтран Улаанбаатар хотноо энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. “IUFC First International Fencing Skill Competition 2026” тэмцээнд ОХУ, БНЭУ, БНХАУ, БНСУ, Хонконг зэрэг Азийн бүсийн долоон орны шилдэг есөн клубийн өсвөрийн 180 гаруй тамирчин оролцож, ур чадвар, хурд хүч, тэсвэр хатуужил, оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.
“Хан Хиллс” спорт центрт гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү тэмцээн ганцаарчилсан болон багийн, ур чадварын гэсэн гурван төрлөөр явагдаж, шилдгүүд тодров.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Туялзуур сэлмийн “Хангарди” клубийн дасгалжуулагч, Туялзуур сэлмийн спортын мастер А.Бат-Эрдэнэ 24 тамирчинтайгаар олон улсын тэмцээнд оролцож, U8 эрэгтэй ангилалд С.Төгөлдөр мөнгө, U10 эрэгтэй ангилалд Ц.Ундрахмөрөн хүрэл, U10 эмэгтэй ангилалд М.Гоодарь алт, О.Энхлүүн, Б.Амуу нар хүрэл медаль хүртсэн бол U12 эмэгтэй ангилалд Э.Амин хүрэл, эрэгтэй ангилалд А.Хурцболд хүрэл, U14 эрэгтэй ангилалд М.Түвшинбаяр хүрэл медаль хүртэж ирээдүйн аваргууд болохоо харуулсан.
Харин “Fencing skill competition” ур чадварын тэмцээнд М.Гоодарь, Ц.Ундрахмөрөн, С.Төгөлдөр, Э.Амин, А.Эмүжин нар алт, Л.Пүрэвдорж, У.Ананд, Л.Гоогэрэл, Г.Анударь нар мөнгө, Л.Содгэрэл, Б.Амуу, У.Анужин, Н.Марал нар хүрэл медаль хүртэж, “Хангарди”-ийн тамирчид Азийн бүсийн өсвөрийн шилдгүүдийг техник ур чадвараараа өнгөллөө.
Багийн төрөлд U8, U10 ангиллын охид алт, U14 ангиллын хөвгүүд мөнгө, U8, U12 ангиллын хөвгүүд, U10 ангиллын охидын “Хангарди-II” баг хүрэл медаль хүртэж, хүчтэй өрсөлдөгчид болохоо баталсан юм.
Монголын өсвөрийн туялзуур сэлэмчид эх орныхоо нэрийг ийнхүү өндөрт өргөж, олон улсын тавцанд өрсөлдөх дараагийн үе хэрхэн бэлтгэгдэж байгааг тод харуулсан онцлох тэмцээн боллоо.





































