Нар салхины үнэр шингэсэн өндөр нарсан ойн дунд хүүхдийн инээд цалгих мөч ойртжээ. Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборт байрлах “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслан зургаадугаар сарын 20-нд зуны ээлжээ эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсгийн хурал өчигдөр болж, ус хангамж, цахилгаан, аюулгүй байдал, барилга байгууламж, мэдээлэл холбоо, хүний нөөц, авто тээвэр, эрүүл ахуй, хүүхдийн хөгжлийн хөтөлбөр зэрэг бүхий л чиглэлийн ажлын явцыг нэгтгэн дүгнэлээ.
Ундны усны эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж, тогтмол хяналт шинжилгээ хийн ажиллана
Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үндэс болсон ундны усны чанарт онцгой анхаарч ажилласан байна. Өөрөөр хэлбэл усан хангамжийн системд засвар үйлчилгээ хийж, ариутгалын төхөөрөмжийг шинээр суурилуулжээ.
Ундны уснаас дээж авч Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн газрын лаборатори болон үйлдвэрийн газрын Чанарын хяналтын хэлтэст шинжлүүлэхэд ямар нэгэн нян, бактери, бохирдол илрээгүй байна. Ус хангамжийн цехийн дарга Б.Баянбат, “Хүүхдийн зуслангийн ундны ус эрүүл ахуйн бүх шаардлагыг хангаж байгаа. Цаашид ч тогтмол хяналт шинжилгээ хийж ажиллана” гэж онцоллоо.
Гал, цахилгаан, хамгаалалтын бэлтгэлээ бүрэн хангаж, шаардлагатай газруудад сүүлийн үеийн хяналтын камер нэмэлтээр суурилуулжээ
Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас зуслангийн бүх барилга байгууламжид урьдчилсан үзлэг шалгалт хийж, гал унтраах хэрэгслийн цэнэглэлт, засвар үйлчилгээг гүйцэтгэж байна. Мөн ээлж бүрд хамгаалалтын алба хаагч ажиллаж, хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар төлөвлөжээ.
Цахилгаан цехийнхэн өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд цахилгаан хангамжийн шугам сүлжээ, дэд станцуудын засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгасан байна.
Харин Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийнхэн галын дохиоллын системийг бүрэн ажиллагаанд оруулж, спорт заал, клуб, задгай талбай зэрэг олон нийтийн бүсэд нэмэлт камер суурилуулснаар хяналтын орчин илүү сайжирснаа хэллээ.
Хүүхдийн тав тух, аюулгүй байдал нэн тэргүүнд
Энэ жил “Найрамдлын Эрдэнэс” зуслан нийт найман ээлжинд тус бүр 184 хүүхэд хүлээн авна. Зуслангийн захирал Ж.Гэрэл-Эрдэнийн мэдээлснээр хүүхэд бүрд ногдох талбайг стандартын дээд түвшинд хүргэж, өмнө нь найман хүүхэд байрладаг байсан өрөөнд зургаан хүүхэд байрлуулахаар зохион байгуулжээ. Хүүхдийн хувцас, ачаа хэрэгслийг хадгалах шүүгээ, тавиуруудыг шинэчилсэн байна. Хоол үйлдвэрлэлийн орчныг ч засварлаж хоолны ресторанд хоёр ээлжээр хүүхдүүдийг хооллохоор төлөвлөжээ.
Зуслангийн шинэ барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ
Зуслангийн 3 дугаар байрны ашиглалтын насжилт болон газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн шаардлагыг харгалзан энэ жил хүүхэд байрлуулахгүй байх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрийн зүгээс 2021 онд батлагдсан 320 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 500 хүүхдийн хоолны танхимтай шинэ цогцолборын зураг төслийн дагуу хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөгөөнд тусгуулахаар ажиллаж байгаа аж.
Үе үеийн хүүхдүүдийн зүрхэнд хоногшсон Найрамдлын Эрдэнэс
“Найрамдлын Эрдэнэс” зуслан хүүхдүүдэд зөвхөн амралт бус хөгжлийн боломж олгодгоороо онцлог. Тус зусланд багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, адал явдалт сургалт, байгаль орчны боловсрол олгох олон төрлийн хөтөлбөр тогтмол хэрэгждэг.
Арга зүйч-Бүтээмжийн мэргэжилтэн О.Дэлгэрмаа, “Манай зуслан 2011 оноос хойш экологийн тусгай ээлжийг тогтмол зохион байгуулж ирсэн. Хүүхдүүдэд байгаль хамгаалах мэдлэгээс гадна өдөр тутмын зөв дадал хэвшил олгоход түлхүү анхаардаг” хэмээн ярьсан юм.
Монголын хүүхдийн зуслангийн хөдөлгөөний 100 жилийн ой тохиож буй энэ онд “Найрамдлын Эрдэнэс” зуслан хүүхэд бүрийн аюулгүй орчин, эрүүл хоол хүнс, хөгжлийн хөтөлбөр, тав тухтай амралтыг бүрдүүлэхэд чиглэсэн бэлтгэлээ хангажээ.
Ийнхүү “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын нарсан төгөлд хүүхдийн инээд хөөр цуурайтаж, шинэ нөхөрлөл, сайхан дурсамж бүтээх зуны улирал эхлэхэд бэлэн болоод байна.















