“Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслангийн нэгдүгээр ээлж энэ сарын 20-нд эхэлнэ. Өмнө нь нэг ээлжиндээ 500 хүүхэд хүлээн авдаг байсан бол энэ жил 184 амрагч авч, үйл ажиллагаагаа илүү чанаржуулахад анхаарч байгаа талаар “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Арга зүйч-бүтээмжийн мэргэжилтэн О.Дэлгэрмаа мэдээллээ.
Амрагч хүүхэд бүрд хүрч ажиллах, тэдний сонирхлыг татах, багаас нь мөнгөний ухаалаг хэрэглээтэй, санхүүгийн хариуцлагатай иргэн төлөвшүүлэх зорилгоор “Найрамдлын Эрдэнэс” зуслан “мөнгөн тэмдэгт” гаргажээ. Амрахаар ирсэн хүүхэд бүрд 16.5 сая төгрөг бүхий “мөнгөн тэмдэгт” олгож, хэрэглээнд оруулах сонирхолтой хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Тухайлбал, зуслангийн дүрэм зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль төлөх, галын наадам хийх бол түлээгээ худалдаж авах, уралдаан тэмцээнд түрүүлбэл 100 сая төгрөгөөр шагнах зэргээр хүүхдүүдэд мөнгийг ухаалаг зарцуулах, хамтын шийдвэр гаргахад сургахаас гадна багаар ажиллах чадвар олгох ажээ. Төгсгөлд багийн хүүхдүүдийн мөнгөн дүнгээр урамшуулал олгох бөгөөд зааланд тоглох, кино үзэх, түүдгийн дэргэд чөлөөт ярилцлага өрнүүлэх зэрэг эрхээр шагнана.
Мөн “Найрамдлын Эрдэнэс” зуслан энэ жилээс шинээр хэрэгжүүлэх олон сонирхолтой, өгөөжтэй ажлын нэг нь эргэлтийн өдөр буюу мягмар, лхагва гарагт эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан, хүүхдийн хоолны талаарх бүхий л мэдээлэл агуулсан сургалтыг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын хоол зүйч зохион байгуулах болно.
Энэ долоо хоногийн бямба гарагт эхлэх нэгдүгээр ээлжийн сэдэв нь “Найзтайгаа өнгөрүүлэх 72 цаг”. Энэ ээлжинд бага ангийн сурагчид хамрагддаг учраас бие бялдрыг нь хөгжүүлэхэд анхаарч, өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд нь туслах, бусдыг хүндлэх, багаар ажиллах чадварт сургах зэрэг хүний хөгжлийн хөтөлбөрүүд түлхүү багтсан байна. Зуслангийн спортын арга зүйч хүүхэд бүрийн бие бялдрын хөгжилд судалгаа хийж, сонирхолд нь тулгуурлан үйл ажиллагаанд хамруулах ажээ. Мөн мэдлэг чадвар олгох 21 төрлийн өртөө ажиллана.















