Тайзны гэрэл анивчин асаж, хөгжим намуухан эгшиглэх мөчид Ерөнхий захиргааны II байрны “Оюу” танхимд цугласан хүмүүсийн харц нэгэн зүгт төвлөрч байлаа. Энэ бол энгийн нэг урлагийн тоглолт биш. Дэлхийн суут манлайлагчдын үзэл санаа, үнэт зүйл, хүсэл мөрөөдөл, тэмүүллийг залуус өөрсдийн өнцгөөр тайлбарлан, манлайллын мөн чанарыг тайзнаа амилуулсан онцгой үдэш байв.
Манлайлал, авьяас чадварын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн “L3” төслийн эцсийн шатны шалгаруулалт өчигдөр болж, шилдэг багуудаа тодрууллаа. Тус төсөл нь дэлхийн суут манлайлагчдын түүх, туршлага, стратеги, үнэт зүйлсийг судлуулахын зэрэгцээ оролцогчдын судлан илтгэх, ажиглан шинжлэх, марган мэтгэлцэх, багаар ажиллах болон манлайлах ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм.
Эцсийн шатны шалгаруулалтад Б.Бат-Эрдэнэ ахлагчтай “NEO LEADERS”, Б.Тод-Эрдэнэ ахлагчтай “MinerZ 4”, Г.Чимэдлхам ахлагчтай “YOUNG LEADERS”, О.Дөлгөөнтамир ахлагчтай “PI 1”, Б.Цэрэндулам ахлагчтай “Pushers Mind”, Л.Тунгалаг ахлагчтай “ALPHA” баг тус тус өрсөлдсөн юм. Төслийн шалгаруулалтын зочин шүүгчээр Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх Төв ажлын хэсгийн дарга О.Отгонбаяр, Баяжуулах үйлдвэрийн дарга, Манлайлал, авьяас чадварын хөтөлбөрийн Дэд ажлын хэсгийн дарга М.Отгон, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Одончимэг, “Юнайтед Менежмент Консалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Д.Ерөө нар оролцож, багуудын үзүүлбэрийг үнэллээ. Үйл ажиллагааг нээж Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр үг хэлэхдээ, “L3” төсөл нь оролцогчдыг өнгөрснөөс суралцаж, ирээдүйн зорилгоо тодорхойлох боломжийг бүрдүүлсэн үнэ цэнтэй хөтөлбөр болсныг онцолсон юм. Тэрбээр, манлайлагч хүн суралцахаа хэзээ ч зогсоодоггүйг тэмдэглээд, оролцогчдыг цаашид Монгол Улсын менежмент, уул уурхайн салбарын шилдэг удирдагчид болон төлөвшинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн, Манлайлал, авьяас чадварын хөтөлбөрийг олон жилийн турш тууштай хэрэгжүүлж, хүний нөөцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй ажлын хэсгийнхэн болон өмнөх төгсөгчдөд талархал илэрхийлэв.
Дээр нэр дурдсан багууд Элон Маск, Тереза эх, Стив Жобс зэрэг дэлхийд нөлөө үзүүлсэн удирдагчдын үзэл санааг уран бүтээлч байдлаар тайзнаа амилуулсан нь шүүгчид төдийгүй үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөв. Мөн Италийн эрдэмтэн, математикч, инженер, алдарт зураач Леонардо Да Винчи, Хүннү гүрний их хаан Модун Шаньюй, Монголын нэрт эрдэмтэн, зохиолч Бямбын Ринчен нарын суут хүмүүсийн амьдрал, үзэл санаа, нийгмийн хөгжилд үлдээсэн мөрийг жүжигчилсэн хэлбэрээр харуулсан нь онцлог байв.
Зарим багийн үзүүлбэрийн үеэр танхим нам гүм болж, үзэгчид тайзан дээр өрнөх үйл явдалд бүрэн автан сууцгаана. Харин зарим мөчид алга ташилт нижигнэж, залуусын эрч хүч, авьяас чадвар, хамтын уур амьсгал танхимыг бүхэлд нь хөглөж байлаа. Тэд зөвхөн манлайллын тухай ярьсангүй, харин манлайллыг мэдрүүлж чадсан юм.
Энэ үеэр өмнөх жилүүдэд “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн Дэд ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Засвар, угсралтын цехийн Ерөнхий инженер Т.Атарбаяр үзэгчдийн суудлаас үзүүлбэрүүдийг шимтэн харж суугаа нь анзаарагдана. Тэрбээр сэтгэгдлээ хуваалцахдаа, “Энэ бол зүгээр нэг төсөл биш юм байна. Залуус дэлхийн суут хүмүүсийн түүхийг судлаад зогсохгүй, тэдний хүсэл мөрөөдөл, үзэл санааг өөрсдийн мэдрэмжээр амилуулжээ” хэмээн онцолсон юм.
Мөн тэрбээр, Эрдэнэт үйлдвэр Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийг Монголдоо анхлан хэрэгжүүлсэн байгууллагуудын нэг гэдгийг дурсаад, өнөөдрийн оролцогчдоос ирээдүйн удирдагчид төдийгүй албан бус манлайлагчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүний хувьд хамгийн үнэ цэнтэй нь залуусын тайзан дээрээс илэрхийлсэн өөртөө итгэх итгэл, бүтээлч байдал байлаа.Сүүлдээ бараг мэргэжлийн урлагийн тоглолт үзэж байгаа мэт санагдлаа. Дуулах, бүжиглэх, илтгэх ур чадвар, бүр хиймэл оюун ухааны шийдлүүдийг хүртэл үзүүлбэртэйгээ уялдуулсан нь үнэхээр сонирхолтой байлаа” гэсэн нь танхимд суусан олон хүний бодлыг илэрхийлэх шиг болов.
Шүүгчдийн нэгдсэн дүнгээр Б.Цэрэндулам ахлагчтай “Pushers Mind” баг тэргүүн байр эзэлж, О.Дөлгөөнтамир ахлагчтай “PI 1” баг дэд байрт шалгарлаа. Харин “Neo leaders” багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ “Шилдэг багийн ахлагч”-аар тодорсон юм.
Баяжуулах үйлдвэрийн дарга, Манлайлал, авьяас чадварын хөтөлбөрийн Дэд ажлын хэсгийн дарга М.Отгон “Та бүхнийг хараад залуучууд маань өөрсдийгөө үнэхээр нээж чаджээ гэж бодлоо. Заримыг нь тайзан дээр гарахад таньсангүй. Энэ ажлыг хийдэг хүн ийм авьяастай байсан гэж үү, хэмээн гайхлаа” хэмээн онцолж байв. Тэрбээр багуудын нэгнээ дэмжиж байсан уур амьсгалыг хамгийн сайхан дүр зураг гэж тодорхойлсон юм.
Харин “Юнайтед Менежмент Консалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Д.Ерөө “Манлайлал гэдэг бол албан тушаал биш. Бусдыг зорилгод нь хүргэх хүсэл, өөрчлөлт авчрах эрмэлзэл юм” хэмээн онцолсон бол Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Одончимэг “Та нар удирдагчдын дүрийг бүтээгээд зогсохгүй мөн чанарыг нь гаргаж чаджээ” гэж үнэлсэн нь оролцогчдод том урам өгсөн мөч байлаа.
Үйл ажиллагааны төгсгөлд Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр төслийг дүгнэж хэлэхдээ, “Та нар биднийг уйлуулж чадлаа, дуулуулж чадлаа. Удирдагч хүнд байх хамгийн чухал ур чадвар бол сэтгэл хөдлөл, мэдрэмжийн ур чадвар байдаг. Та бүхэн үүнийг гайхамшигтайгаар харууллаа” хэмээн хэлэхэд танхим тэр чигтээ алга ташилтаар дүүрэв. Мөн тэрбээр, хөтөлбөрийн хүрээнд 300 гаруй манлайлагчийг бэлтгэн гаргасныг дурдаж, цаашид оролцогчид Монголын уул уурхай, менежментийн салбарын шинэ үеийн удирдагчид болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэ үдэш зөвхөн шилдэг баг шалгаруулсан тэмцээн байсангүй. Харин өөрсдийгөө сорьж, хамтдаа хөгжиж, мөрөөдөлдөө илүү ойртсон залуусын хүсэл тэмүүлэл, итгэл найдвар, эрч хүчээр дүүрэн манлайллын тайз байлаа.















