“Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын зөвлөгөөн өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт болж, бүтцийн нэгжүүдийн ерөнхий инженерүүд болон ХАБЭА-н ажилтнууд оролцлоо.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр Тогтвортой уул уурхайн стандартын “Аюулгүй, эрүүл, хүндэтгэлтэй ажлын байр” протоколыг танилцуулж, 2027 онд савласан цэвэр ус, хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнийг “Odoo ERP” системээр захиалах зохицуулалтын талаар мэдээлэл өгсөн байна. Мөн ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны MNS ISO 45001:2018 стандартын хэрэгжилт, дотоод аудит, манлайлал болон ажилтны оролцооны явцыг хэлэлцэж, “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах” бичил төслийн уралдааны тайлантай танилцжээ.
Зөвлөгөөний үеэр “Аюулгүй ажиллагаанд авхаалжтай хандацгаая” аяны хүрээнд зохион байгуулсан “Check challenge” тэмцээний шилдгүүдэд шагнал гардууллаа. Ажилд гарахын өмнөх хамгаалах хувцас, хэрэгслийн зөв хэрэглээг сурталчилсан тус тэмцээнд нийт 28 видео материал ирүүлснээс ХМТАЦ-ийн ХМХ-ын хэсгийн кабельчин Э.Энх-Амгалан тэргүүн байр эзэлсэн байна.
Мөн Оёдлын цехийн ХАБЭА-н инженер Д.Энхтүвшин дэд байр, Ус хангамжийн цехийн ҮТТ-ийн диспетчер Н.Бүрэнтөгс гутгаар байр эзэлжээ. Тусгай байрт Баяжуулах үйлдвэрийн тээрмийн машинч Т.Бат-Од, Засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин Б.Мөнхтулга, ТЛТ-ийн Ачих буулгах хэсгийн хамт олон шалгарсан байна.
ХАБЭАХ-ийн Эрүүл ахуйн товчооны дарга М.Болормаа “Аюулгүй ажиллагаанд авхаалжтай хандацгаая” тэмцээнийг өнгөрсөн оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буйг онцлоод, ажилтнуудын оролцоо, аюулгүй ажиллагааны зөв хандлагыг нэмэгдүүлэхэд бодит үр дүн үзүүлж байгааг хэлэв.
Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сарыг “Дархлаа таны дархан хил” уриатай дархлаажуулалтын сар болгон зарлаж, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих олон талт арга хэмжээг хэрэгжүүлжээ. Аяны хүрээнд эрүүл мэндийн боловсрол олгох видео контент бэлтгэн түгээж, үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 22 катеринг цэгээр дамжуулан дархлаа дэмжих хоол, бүтээгдэхүүний өдөрлөг зохион байгуулсан байна.
Мөн Захиргааны I байранд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоо хийж, ажилтнуудад биологийн идэвхт бүтээгдэхүүнээр дархлаа дэмжих үйл ажиллагааг өрнүүлжээ. Цахим хуудсаар зохион байгуулсан урамшуулалт постын азтнуудаар ААҮЦ-ийн ажилтан Ш.Өлзиймаа, ЭСЦ-ийн үйлчлэгч О.Эрдэнэчимэг, СААЖЦ-ийн катеринг зохион байгуулагч Г.Долгормаа, 12 дугаар цэцэрлэгийн багш Б.Болортуяа нар тодорч, гарын бэлгээр шагнагдсан байна.















