Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Уурхайчдын спортын их наадамд өндөр амжилт үзүүлэн зургаан алт, нэг хүрэл медаль хүртэж, “Алтан цом”-ын эзэн болсон баг, шилдэг тамирчдад баяр хүргэснээр эхэллээ. Зөвлөгөөнийг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор удирдан явуулав.
Зөвлөгөөний үеэр Спорт цогцолборын дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай харваач, Дархан мэргэн Ш.Даваахүү гавьяаныхаа амралтад гарч буйгаа хамт олондоо мэдэгдэж, 33 жилийн хугацаанд мөр зэрэгцэн ажилласан удирдлагын баг, журмын нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлэн, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ. Тэрээр улсад 42 жил, Эрдэнэт үйлдвэрт 33 жил ажиллах хугацаандаа нийтийн биеийн тамир, үндэсний болон их спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Эрдэнэтийн хүүхэд, залуусыг улс, тив, дэлхийн дэвжээнд гаргасан гавьяатай эрхэм юм. Үйлдвэрийн удирдлагууд түүний хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд өндөр эрсдэлтэй 10 ажил, галын аюултай таван ажил гүйцэтгэсэн бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүйгээр хэвийн ажиллажээ. Мөн хүүхдийн “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байгааг ХАБЭА-н хэлтсээс мэдээлэв.
Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс хаврын мод тариалалтын ажлын тайланг Орхон аймгийн Байгаль орчны газарт хүргүүлсэн байна. Тайланд дурдсанаар нийт 10 байршилд 29 мянган мод тарьжээ. Үүнээс гадна тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид 140 ширхэг хуванцар сав, 6.3 тонн төмөр торх, 8 тонн хаягдал шуудай зэрэг нийт 18.5 тонн аюултай хог хаягдлыг шилжүүлсэн байна.
Сарын эхний долоо хоногийн байдлаар уулын цул гаргалт төлөвлөгөөнөөс 11 мянган м³-ээр, хүдэр боловсруулалт 12 мянган тонноор давж биелжээ. Хүдэр дэх зэсийн агуулга технологийн балансаар 0.374 хувь, молибденийн агуулга 0.0140 хувьтай байна. Зэсийн металл авалт 88 хувь, молибденийн металл авалт 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногт 22.36 хувийн агуулгатай, 2,735 тонн цэвэр зэс агуулсан 12,232 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ.
Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн, хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг тус цехийн дарга М.Отгон танилцууллаа. Хавар, зуны бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилт 77 хувьтай байгаа бөгөөд хаягдлын аж ахуйд хамгаалалтын далан барих ажил эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор уулын цул бэлтгэх асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлов.
Эдийн засгийн хэлтэс 2026 онд процессын сайжруулалт болон бүртгэлийн томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд ерөнхий захиргааны нэгжүүдийн дунд процессын сайжруулалтын төслийн уралдаан зарласан бөгөөд өнөөдрийн байдлаар Эдийн засгийн хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтсээс төслүүд ирүүлээд байна. Төсөл хүлээн авах хугацааг сунгаж, ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хүлээн авахаар болсныг мэдээллээ.
Мөн Стратеги, хөгжлийн бодлогын газраас Шинэ Хархорин хотын ногоон байгууламжийн ажлын талаар мэдээлэл хийлээ. Эрдэнэт үйлдвэрээс өнгөрсөн жил тарьсан 98 мянган модны ургалт боломжийн түвшинд байгааг онцлоод, тендерээр нийлүүлж буй модны чанар, ургалтын байдал, автомат хүлэмжийн асуудалд цаашид онцгой анхаарах шаардлагатай байгааг уламжиллаа.















