“Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг, сургалт өнөөдөр боллоо. Уулзалт хэлэлцүүлгийг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ойд зориулан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Орхон аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулав.
Зөвлөгөөний үйл ажиллагааг Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхам нээж, эрүүл мэндийн салбарын нийт төлөөллүүдэд амжилт хүсэхийн зэрэгцээ Монгол улсын 3.5 сая хүн амд хүргэж буй эрүүл мэндийн хоёр төрлийн тусламж үйлчилгээний нэг нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэдгээрийг хүн амын бүхий л түвшинд хүртээдэг гэдэг утгаараа чухал гэдгийг онцлов. Манай улсад дээрх үйлчилгээг хүргэж, үзүүлэх мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэж буй ганцхан сургууль байгаа нь АШУҮИС-ийн дэргэдэх Нийгмийн эрүүл мэндийн сургууль аж. Тус сургууль түүхэн 70 жилийн хугацаандаа 2700 гаруй эрүүл ахуйч, тархвар судлалч, хоол судлалч, ХАБЭА-н эрүүл мэндийн нийгмийн ажилтан зэрэг мэргэжилтнийг бэлтгэж гаргасан ч эдүгээ эрүүл мэндийн салбарт нийгмийн эрүүл мэндийг дагнан хариуцсан 1300 гаруй хүн ажиллаж байна. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, чанар, хүртээмжийг ахиулах зэрэг шаардлага өндөрт тавигдаж, үүнд салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал байгааг зөвлөгөөний зорилго чиглэл хэмээн тодорхойлов.
Тус уулзалт хэлэлцүүлгийн нэг зорилт нь Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн салбарт хийгдэж буй бодлогын шинэчлэл, чиг хандлага, хэрэгжилт, нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийг сурталчлахад чиглэгдсэн байна.
ШУТИС-ийн харьяа, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” Их сургууль, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль хоорондын хамтын ажиллагаа 2024 оноос эхлэн, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр санамж бичиг байгуулан ажиллаж байна. Энэхүү зөвлөгөөн нь тус хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд Монгол хүн, түүнчлэн уул уурхайн салбарт ажиллагсдын нийгмийн эрүүл мэндийг чухалчлан авч үзэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өндөр үр дүнтэй арга хэмжээ болж байгааг “Эрдэнэт цогцолбор” Их сургуулийн захирал Д.Заяабаатар хэлсэн үгэндээ тодотгосон.
Орон нутгийн түвшинд эрүүл мэндийн түсламж үйлчилгээг зөвхөн эмнэлгийн үйлчилгээ гэж ойлгодог байсан хандлага өөрчлөгдөж, хүний эрүүл мэндийн цогц үйлсэд салбар дундын олон талт хамтын ажиллагаа голлох үүрэгтэй гэдэгт чиглэж байна. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зөв тогтолцоог хөгжүүлэх үүнд анхаарлаа хандуулан ажиллах шаардлага байна. Энд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж буй бөгөөд үүний нэг хэрэгжилт нь Эрдэнэт үйлдвэр мэргэшсэн эрүүл ахуйчийг бүтцийн нэгж бүрт ажиллуулж эхэлснийг Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг мэдээлэлдээ тодорхой дурдлаа.
Зөвлөгөөний үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болж, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал Д.Даваалхам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Д.Оюунбилэг, Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг нар гурвалсан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Уулзалт зөвлөгөөнд эрүүл мэндийн мэргэжилтэн, судлаачид “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент”, “Эрүүл мэндийн салбарын урт, дунд хугацаан бодлогын бичиг баримт, цаашдын чиглэл”, “Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр баримтлах бодлого, цаашдын чиг хандлага”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”, “Эрүүл мэндийн байгууллагын ажлын байрны эрсдэлт хүчин зүйл, урьдчилан сэргийлэлт” зэрэг сэдвээр илтгэл тавьж, санал солилцоэ, хэлэлцүүллээ.















