"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станц, Ус хангамжийн цех, Цахилгаан цех, Засвар механикийн завод, Авто тээврийн цех болон Үйлдвэрлэл технологийн парк төслийн нэгжийн ажилтан, инженерүүд “Реле хамгаалалт, автоматжуулалт”-ын чиглэлээр гурван өдрийн турш суралцаж, мэргэжлээ дээшлүүлсэн байна.
Ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трансформатор, генераторын хамгаалалт болон ABB Relion серийн реле хамгаалалтын системийн практик ашиглалтын чадварыг бэхжүүлэх зорилготой тус сургалтыг ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн багш нар удирдаж, зохион байгууллаа.
Сургалтын явцад доктор (D.Sc), профессор Б.Бат-Эрдэнэ, доктор (Ph.D), дэд профессор М.Баттулга, доктор (Ph.D), дэд профессор Д.Пүрэвдаш, Доктор (Ph.D) Б.Түвшинбаяр нар 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын ерөнхий зарчим, хамгаалалтын төрөл, схем, тохиргоо, ажиллагааны онцлог, Гүйдлийн хамгаалалт, чиглэлтэй хамгаалалт, дифференциал хамгаалалтын үндэс, Зайн хамгаалалтын ажиллах зарчим, бүрэн эсэргүүцлийн хэмжилт, зайн реле, хамгаалалтын шатлал тэдгээрийн тавил тохиргоо, Трансформаторын дифференциал хамгаалалтын ажиллах зарчим, гүйдлийн трансформатор, холболтын схем, дифференциал реле, гармоник хориг, тохиргооны арга, Генераторын дифференциал хамгаалалт, статор болон роторын газардалтын хамгаалалт, хамгаалалтын схем, тавил тооцоолол, Их чадлын цахилгаан хөдөлгүүрийн хамгаалалтын төрөл, дифференциал, гүйдэл ихсэлт, хэт ачааллын хамгаалалт болон практик тохиргооны аргууд, PCM600 программ хангамжийн ашиглалт, реле рүү холбох, тохиргоо хийх интерфейс, функциональ диаграмм параметр тохируулга зэрэг эрчим хүчний нарийн мэргэжлийн хичээл зааж, инженерүүдэд мэдлэг нэмсэн байна.
Сургалтад хамрагдсан Эрдэнэт үйлдвэрийн 9 бүтцийн нэгжийн 21 инженер, инженер техникийн ажилтанд “Реле хамгаалалт, автоматжуулалт”-ын мэргэжлийн гэрчилгээ гардууллаа.

















