Эрдэнэт хотод “Бүх хайраа гэр бүлд” уриан дор “Хаврын баяр -2026” цэнгээнт бүжгийн улсын уралдаан өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн наадам нь тус хотын түүхт 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Энэхүү үйл ажиллагааг Соёл, урлаг, аялал жуулчлалын газрын дарга А.Уранчимэг нээж, бүжгийн урлагийн үнэ цэнэ, оролцогчдын өргөн хүрээг онцлон тэмдэглэлээ. Тэрээр Эрдэнэт хотыг “бүжгийн хот” хэмээн тодотгож, энэ удаагийн уралдаанд 4 настай бяцхан бүжигчнээс эхлээд 82 настай ахмад уран бүтээлч оролцож буй нь урлагийн хөгжил, үеийн залгамжийг илтгэж байгааг дурдсан юм.
Түүнчлэн Булган, Хөвсгөл, Дархан, Улаанбаатар хотуудаас олон зуун бүжигчин энэхүү наадамд хүрэлцэн ирж, авьяас,ур чадвараа сорьж байна. Нээлтийн үеэр цэцэрлэгийн насны бяцхан бүжигчид Амарын талбайд парад хэлбэрээр оролцож, баярын уур амьсгалыг бүрдүүлэв.
Наадмын санаачлагч, МУСГЗ Д.Ганчулуун “1994 онд цэнгээнт бүжгийг хөгжүүлэхээр эхлүүлж байсан ажил маань өнөөдөр 30 жилийн ойтойгоо золгож байна. Өнөөдөр бид бүжгийн өв соёлоо дараагийн үедээ хүлээлгэн өгч байна. Тодруулбал, миний шавь Дуу бүжгийн Эрдэнэт чуулгын бүжгийн багш МУСТА Х.Эрдэнэбаяртаа өөрийнхөө бүжгийн урлагийн 30 жилийн түүх, өв соёлыг Эрдэнэтийн ирээдүй болсон өсвөр үеийн хүүхдүүдийнхээ хамт хүлээлгэж өгч байгаадаа баяртай байна. Энэ нь уран бүтээлчид, эцэг эхчүүд, бүжгийн спортыг дэмждэг байгууллага хамт олны нөр их хөдөлмөрийн үр дүн юм хэмээн онцоллоо.
Энэхүү уралдаан цэцэрлэгийн наснаас эхлээд ахмад хүртэлх бүх насны ангиллыг хамарч, бүжгийн олон төрөл жанраар явагдаж байна. “Өсөх-Ирээдүй”, “Оюу талст”, “Смайл”, “Стар”, “Оч”, “Ритмо”, “Dance move”, “MOON KISS”, “Оддын жигүүр”, “Silver moon” зэрэг хамтлагууд оролцож, бүжгийн авьяас чадвараараа өрсөлдөж байгаа юм.
Монголын бүжгийн спортын нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, тэмцээний ерөнхий шүүгч Б.Нямдорж “Энэ удаагийн наадмын онцлог нь бүх насны ангиллыг хамруулж, бүжгийн төрөл жанрыг өргөжүүлсэнд оршиж байна. Бүжгийн урлаг орон нутаг болон олон улсын түвшинд эрчимтэй хөгжиж буйн тод жишээ бол энэ наадам” гэдгийг хэллээ.
Ийнхүү “Хаврын баяр-2026” бүжгийн улсын уралдаан нь урлагийн гоо сайхныг түгээхээс гадна үе үеийн бүжигчдийг нэгтгэсэн өргөн цар хүрээтэй арга хэмжээ болон үргэлжилж байна.















