Чанарын хяналтын хэлтсээс нийлүүлэлтийн хяналтыг сайжруулах, цехүүдийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор “Бараа материалын хяналтын үйл явц” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, бараа материал худалдан авах, хүлээн авах үед чанарын дүгнэлт гаргадаг гишүүд болон холбогдох мэргэжилтнүүд оролцов. Тэд жилд нэг тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий технологийн бараа материал, техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг хүлээн авахад тулгардаг хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр бараа материалын хэрэгцээг зөв тодорхойлох, техникийн тодорхойлолтыг оновчтой боловсруулах, захиалгаас эхлээд худалдан авах хүртэлх шат дамжлагад үүсдэг саад бэрхшээлийг онцлон авч үзлээ. Мөн нийлүүлэлтийн хяналтын үед дагалдах бичиг баримт дутуу ирэх, стандарт, норм норматив хангахгүй байх зэрэг асуудал хугацаа алдуулдаг болохыг дурдсан.
Түүнчлэн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаанд чухал шаардлагатай технологийн бараа материалд онцгой анхаарал хандуулах, захиалагч цехүүдийн мэдээлэл, тодорхойлолт дутуу, удаашралтай байдлаас үүдэн нийлүүлэлтийн хугацаа сунжирах асуудал байгаад дүгнэлт хийж, бүх шатанд зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай гэдэгт оролцогчид санал нэгдлээ.
Чанарын хяналтын хэлтсийн дарга С.Ганцогт нийлүүлэлтийн хяналтын дүгнэлтийг 10 хоногт багтаан гаргадаг хугацааг зургаа хоногт багтаах зорилт тавин ажиллаж байгааг мэдээлэлдээ онцолсон юм.















