“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын анхны усанд тэсвэртэй эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг 1994 онд жилд 10 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар барьж ашиглалтад оруулсан юм. Уулын баяжуулах үйлдвэрийн жил тутамд өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн шаардлагаар 2005 онд тус үйлдвэрийг жилд 13000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болгон өргөтгөсөн.
Эрдэнэтийн ил уурхайн уулын цул олборлолтын хэмжээ 1994 онд 14.5 сая м3/жил байсан бол 2005 онд 18.7 сая м3/жилд хүрч нэмэгдэн улмаар 2025 оноос 34 сая м3/жил болж 2.3 дахин нэмэгдсэн байна. Үйлдвэрлэлийн хэмжээ жил тутам нэмэгдэхийн хэрээр 30 шахам жилийн насжилттай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилга байгууламжуудын ашиглалтын хугацаа дуусаж, тоног төхөөрөмжүүд хуучран, ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсны улмаас 2020 онд тус үйлдвэрийг шинээр барих ажлыг эхлүүлсэн.
2024 оны 12-р сард БНХАУ-ын “Хунань Кенон шинжлэх ухаан, технологи” ХХК-ийн технологиор, Shanxi Baihe Qinghua Chemical, Shanxi Huifeng Special Motor and Vehicle компаниудад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, жилд 15.000 тонн эмульсийн тэсрэх бодис, 2000 тонн энгийн найрлагатай тэсрэх бодис үйлдвэрлэх шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Шинэ үйлдвэрийн бүх дамжлагууд автоматжуулагдан, аюулгүй ажиллагаа болон ажлын байрны орчин сайжирч, дэлхийд танигдсан NETZSCH, Siemens зэрэг брэндийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэж эхэлснээр уурхайн тэсэлгээний ажлыг урт хугацаанд тасралтгүй, найдвартай явуулах боломж бүрдэж байна.
Тус үйлдвэр нь 2025 онд 53.7 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэ бүхий 15.8 мянган тонн эмульсийн тэсрэх бодис, 11.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3.7 мянган тонн энгийн найрлагатай тэсрэх бодис, нийт 66.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төслийн хүчин чадлаа давуулан биелүүлсэн байна.
Шинэ Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, Монгол Улсын ижил төстэй үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдэж байгаа тэсрэх бодисын зах зээлийн үнээс 21-25%-иар хямд өртгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь жилд 10.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах эдийн засгийн эерэг үр нөлөөг үйлдвэрийн газарт үзүүлж байна. Ингэснээр шинэ үйлдвэр барихад оруулсан шууд хөрөнгө оруулалтыг 1.5 жилийн хугацаанд, дэд бүтэц болон үлдэгдэл өртгийг тооцсон нийт хөрөнгө оруулалтыг 3 жилийн хугацаанд нөхөх юм. Энэхүү бүтээн байгуулалт нь Эрдэнэт үйлдвэрт өндөр үр дүнтэй хэрэгжүүлж буй жишиг төслүүдийн нэг болсныг бататган харуулж байна.















