Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын санаачилгаар Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан “Нэг ажилтан – Нэг ном” аяны хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Орос 19 дүгээр сургуулийн гадна талбайд боллоо.
Хаалтын үйл ажиллагаанд Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Залуучуудын холбооны тэргүүн Г.Чимэдлхам, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Х.Оюунтунгалаг болон Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Мөн Орос 12 дугаар цэцэрлэгийн багачууд, Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд, “Энэрэл” төвийн хүүхдүүдийн төлөөлөл, “Эрдэнэт” цогцолбор их сургуулийн оюутнууд хүрэлцэн ирж, нас, сэтгэхүйн онцлог, хэрэгцээнд нь тохируулан ангилж, багцалсан номын цуглуулгаа хүлээн авлаа.
Энэ үеэр Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэр ирээдүйн мэргэжилтнүүдээ цэцэрлэгийн наснаас эхлэн бэлтгэдэг уламжлалтайг онцолсон юм. Тэрээр “Орос цэцэрлэгт хүмүүжсэн хүүхдүүд Орос сургуульд суралцаж, улмаар ‘Эрдэнэт’ цогцолбор их сургуулийг дамжин мэргэжил эзэмшээд үйлдвэрийн ажилтан болдог. Эрдэнэт үйлдвэр 47 жилийн хугацаанд боловсролын ийм онцлог тогтолцоог бүрдүүлсэн. Сайн мэргэжилтэн болоход багаасаа ном унших дадал чухал. 2022 онд Хэмнэлтийн тухай хууль батлагдсанаас хойш бид хүүхдүүдийнхээ номын санг хангалттай баяжуулж чадаагүй. Иймээс ажилтнуудынхаа дунд ‘Нэг ажилтан – Нэг ном’ аяныг амжилттай өрнүүлж, цугларсан номоо өнөөдөр эздэд нь хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна” гэв.
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид хүүхэд, залуучуудын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, тэдний боловсролд хөрөнгө оруулах, номын сангийн хүртээмжийг сайжруулах үйлсэд идэвхтэй, сэтгэлтэй оролцсоны үр дүнд 4000 орчим ном цуглуулж, хүүхэд багачуудад оюуны бэлэг барилаа.















