Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөний мэдээллийг тоймлон хүргэе.
Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчил доголдолгүй, хэвийн ажиллалаа. ХАБЭА-н хэлтсээс ээлжит сургалтыг төлөвлөсний дагуу зохион байгуулсан бол шинэ долоо хоногт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, тэдгээрийн шинэчлэл сэдвээр үйлдвэрийн газрын бүх жолооч нарт сургалт явуулах юм байна. Ерөнхий захирлын тушаалын дагуу явуулж буй уг сургалтыг хийхдээ шөнийн ээлжинд гарах жолооч нарын ажил амралтын хуваарь, хөдөлмөр зохион байгуулалттай уялдуулж зохицуулахыг Ерөнхий инженер Т.Батмөнх, ХАБЭА-н хэлтэст чиглэл болголоо.
Байгаль орчин, Ногоон хөгжлийн хэлтсээс үйлдвэрлэлийн бүс, Хаягдлын аж ахуй, хүчиллэг ус хуримтлуулах цөөрмүүд болон бүтцийн нэгжүүдийн үерийн усны суваг шуудуунд хяналт шалгалт хийсэн байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрээс хаврын хуурайшилттай холбоотой эрсдлийн шалгалт хийх хуваарьтай байсан бөгөөд энэ ажлыг Гамшгаас хамгаалах штаб, Гал түймэр унтраах 58 дугаар анги, гэрээт Дотоодын 816 дугаар ангитай хамтран, Эрдэнэт хот орчмын ой хээр бүхий бүсэд зохион байгуулжээ. Эргүүл шалгалтын явцад зөрчил дутагдал илрээгүй тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга Ж.Жавхланбат мэдээллээ.
Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт 4 сарын эхний 10 хоногт бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар биелж байна. Сарын эхний арав хоногт уурхайчид 1045.55 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 111.1 хувь, 571.7 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөт үзүүлэлтийг 111.7 хувиар тус тус биелүүлээд байна. Хүдэр олборлолт 110.2, хүдэр боловсруулалт 102.4 хувиар давж биеллээ. Хуурай жингээр 17117 тонн зэсийн баяжмал экспортод ачуулж, баяжмалын чанарын төлөвлөгөөг 101.6 хувиар биелүүлэн ажиллаж байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс танилцуулав.
Хавар, зуны бэлтгэл ажлын төлөвлөгөө батлагдаж, хэрэгжилт эхлээд буйг үйлдвэрлэлийн цехүүд мэдээлэлдээ онцлов. Тухайлбал, Ил уурхайд тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа бол Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд 28 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Дулааны цахилгаан станц өнөөдрийн байдлаар, 37800 тонн нүүрсний нөөцтэй байна. Нүүрсний дараагийн татан авалт хүртэл дотооддоо үйлдвэрлэлийн горим, ачааллыг багасгах зэргээр зохицуулалт хийж буйг ДЦС-ын удирдлага мэдээлэв.
Жилд нэг удаа үйлдвэрлэлийн нөөцгүй тоног төхөөрөмжид иж бүрэн засвар үйлчилгээ хийдэг “Их зогсолт” энэ жил 6 сарын 28-30-ны өдрүүдэд хийгдэнэ. “Их зогсолт”-ын бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдаж, ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ жилийн хувьд дээрх засвар үйлчилгээний хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлтэд 33 тендер зохион байгуулах бөгөөд одоогоор 17 ажлын гэрээ байгуулагдаад байна. Хамгийн гол анхаарах асуудал нь “Их зогсолт” дуусах шатанд ашиглагддаг төрөл бүрийн хаалт, гагнуурын электрод, ган хоолой зэрэг чухал сэлбэг хэрэгслүүдийн хүлээгдэж буй тендерийг шуурхай зохион байгуулах шаардлагатай байгааг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг онцоллоо.















