“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ олон улсын менежментийн тогтолцооны найм, тохирлын үнэлгээний хоёр стандартыг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр стандартыг үйлдвэрийн газрын хэмжээнд уялдаа холбоотой, үр ашигтай хэрэгжүүлэх зорилгоор өнгөрсөн оноос Нэгдсэн менежментийн тогтолцоонд нэгтгэн ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд Дотоод хяналт, мониторингийн хэлтэс эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, холбогдох бүтцийн нэгжүүдтэй хамтран Нэгдсэн менежментийн тогтолцооны бодлогыг тодорхойлон, бодлогын баримт бичгүүдийг боловсруулан батлуулсан юм.
Мөн менежментийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор шаардлагатай захирамжлалын баримт бичгүүдийг үе шаттайгаар шинэчилж байгаа бөгөөд энэ ажлын эхлэл болгон Менежментийн тогтолцооны дотоод аудитын журмыг MNS ISO 19011:2020 стандартад нийцүүлэн боловсруулж баталжээ.
Шинэчилсэн журам нь стандартыг хэрэгжүүлэх, дотоод аудит хийх, аудиторуудыг чадавхжуулах, чухал ач холбогдолтой аж. Үүнтэй холбоотойгоор уг журмын танилцуулга сургалтыг өнөөдөр “Оюу” танхимд зохион байгуулж, үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд болон стандартын асуудал хариуцсан ажилтнууд зэрэг 100 орчим хүн хамрагдаж байна.
Нэгдсэн менежментийн тогтолцооны бодлогын хүрээнд “бодлого хариуцсан бүтцийн нэгж”, “стандарт хариуцсан бүтцийн нэгж”, “стандартын асуудал хариуцсан мэргэжилтэн” зэрэг шинэ ойлголтуудыг бий болгожээ. Эдгээр бүтэц, зохион байгуулалтаар дамжуулан тогтолцооны хэрэгжилтийг хангах, ойлголтыг түгээх, дотоод аудитын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах зорилготой юм.
Ингэснээр, үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлж буй ажил үйлчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт шаардлагад нийцсэн, сайн засаглал бүхий жишиг үйлдвэр болох боломж бүрдэнэ, гэж мэргэжилтнүүд үзэж байна.















