Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. Шуурхайн эхэнд ХАБЭАХ-ийн дарга Д.Мөнхболд товч мэдээлэл хийв. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 4-р шатны үзлэгийг Ил уурхайд хийсэн байна. Тус хэлтсээс үйлдвэрийн үндсэн цехүүдэд 4-р шатны үзлэгийг хагас жил тутамд нэг удаа, бусад цехүүдэд жилд нэг удаа зохион байгуулдаг. Ерөнхий захирал Г.Ёндон Хөдөлмөрийн аюулгүй байдлын шат шатны үзлэг, шалгалтын дараа гарч буй үр дүнд дүгнэлт хийж байхыг үүрэг болголоо.
Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үерээс сэргийлэн, далан, шуудууг цэвэрлэж, тодорхой хяналт тавин ажиллаж байна гэж мэдээлэв. Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий өмнөх шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн төлөвлөгөөний биелэлтийг мэдээллээ.
Гуравдугаар сарын 30-ны байдлаар хөрс хуулалт 105.3 хувь, хүдэр олборлолт 101.3 хувь, хүдэр боловсруулалт 99.5 хувь, хүдэр дэх зэсийн агуулга 0.372, молибден 0.016, вагон ачилт 104.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Тайлант хугацаанд 37 вагон илүү ачилт хийж, төлөвлөгөөгөө 104.8 хувиар давуулан биелүүлжээ. Маргааш болох шуурхай зөвлөгөөнөөр 4-р сард хэрэгжүүлэх уулын ажлын төлөвлөгөөг хэлэлцэх юм.
Үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 293 ажил төлөвлөсөн бөгөөд одоогоор тайланг нэгтгэж байна. Мөн бүтцийн нэгжүүдэд хавар, зуны бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг батлан гаргаж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд хуваарийн дагуу хэрэгжиж эхэллээ.
Ерөнхий захирал Г.Ёндон бүх бүтцийн нэгжийн удирдлагуудад үйлдвэрлэл тасралтгүй, найдвартай үргэлжлүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг саадгүй тээвэрлэж, борлуулах шаардлагатайг онцлон хэлж, нэгжийн удирдлагууд ажлаа цаг тухайд нь хариуцлагатай гүйцэтгэхийг санууллаа.
Шуурхайн төгсгөлд Ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрийн үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаа тогтвортой, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг тэмдэглэж, долоо хоног бүрийн шуурхай зөвлөгөөнөөр өгөгдсөн үүрэг даалгаврыг дараа долоо хоног хүртэл хойшлуулахгүйгээр тухай бүрд нь биелүүлж ажиллахыг анхааруулав. Мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр онош нь тодорхой болсон, унаж татах эрсдэлтэй ажилчдын судалгааг нарийвчлан гаргаж, эрсдэлтэй ажлын байранд ажиллуулахгүй байх, шаардлагатай тохиолдолд эрсдэл багатай ажлын байранд шилжүүлэн ажиллуулах асуудлыг хөдөлмөрийн магадлалын комиссоор хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.















