Баяжуулах үйлдвэрийн захиргаа, Хуулийн хэлтсийн тус цехийг хариуцсан Тэргүүлэх хуульч З.Жаргалмаатай хамтран удирдлагын баг, баяжуулагч хамт олны дунд Хөдөлмөрийн шинэчилсэн хуулийг таниулах, хууль, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор асуулт, хариултын “АХА” тэмцээн өнөөдөр зохион байгууллаа.
Баяжуулах үйлдвэрийн Мэдээлэл, хөгжлийн танхимд болсон энэхүү тэмцээнд хэсгийн дарга, инженер, мастерууд нийт 50 гаруй ажилтан оролцож, хуулийн мэдлэгээ зузаатгасан юм. Оролцогчид Хөдөлмөрийн хуулийг асуулт, хариултын тэмцээний хэлбэрээр таниулсан нь уламжлалт сургалтаас илүү сонирхолтой, ойлгомжтой, үр өгөөжтэй байлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Улирал тутам зохион байгуулахаар тогтсон уг тэмцээний энэ удаагийн ялагчаар Бутлан тээвэрлэх хэсгийн мастер Б.Насанбуян тодорсон юм.

















