Хүний нөөц, захиргааны хэлтсийн Төслийн багийн гишүүд Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг тодорхойлох, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр Баяжуулах үйлдвэрт хэрэгжиж буй том төслийн багийн үйл ажиллагаатай өнөөдөр газар дээр нь танилцлаа.
Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон болон Тэргүүлэх инженер, Төслийн багийн зохицуулагч М.Гантулга нар төслүүдийн явц, багийн зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Хүдэр бэлтгэлийн I шугамыг шинэчлэх төслийн талбайд өрнөж буй түүхэн бүтээн байгуулалтын явцтай танилцуулсан юм.
Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, “Баяжуулах үйлдвэрийн Төслийн багийн гишүүдийн хөдөлмөрийн харилцаа, зохицуулалт, сургалт хөгжлийн асуудлыг манай хэлтэс хариуцдаг. Тиймээс хүний нөөцийн мэргэжилтнүүд энд өрнөж буй бүтээн байгуулалтыг бүрэн ойлгож гэмээ нь бид уялдаа сайтай, илүү үр дүнтэй хамтран ажиллана. Хөрөнгө мөнгөнөөс гадна хүний оюун ухаан, зүрх сэтгэл, хичээл зүтгэлээр бүтээн байгуулалт биеллээ олдог. Бид төслийн багийн зохион байгуулалт, хяналтын арга барилаас суралцаж, өөрсдийн хэрэгжүүлж буй төслүүдийг сайжруулах, үйлдвэрийн томоохон зорилтуудад бодит хувь нэмэр оруулахыг зорьж байгаа”-гаа илэрхийлэв.
Хүний нөөц, захиргааны хэлтэс жил бүр хүний нөөц болон албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр 4–5 төсөл хэрэгжүүлдэг. Энэ онд “Смарт холл” уулзалтын танхим, “Мэдлэг түгээх ажлын байр”, “Сонгон шалгаруулалтад хиймэл оюун ухаан нэвтрүүлэх”, мөн ажилтнуудад хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүргэх чатбот зэрэг шинэлэг төслүүдийг хэрэгжүүлж байна.
Олон бүтцийн нэгжийн чадварлаг залуусыг нэгтгэсэн Баяжуулах үйлдвэрийн Төслийн баг нь том төслүүд дээр ажиллаж буй 18 байгууллагын уялдаа холбоог хариуцаж, Монголд анх удаа гэсэн тодотголтой барилгын, тоног төхөөрөмжийн, технологийн олон ажил амжуулж, бас өөрсдөө хөгжиж байгааг М.Отгон дарга хэлсэн үгэндээ онцолсон юм.















