“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-ын Хүний нөөц, захиргааны хэлтсээс ISO 30400 багц стандартын хэрэгжилтийг гүнзгийрүүлэх, ажилтнуудын ойлголтыг нэгтгэх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Ерөнхий захиргааны II байрны “Оюу” танхимд болсон энэхүү үйл ажиллагаанд Ус хангамжийн цехийн инженер, техникийн ажилтнууд оролцож, хүний нөөцийн менежментийн бодлого, стандартын хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголт авсан юм. Өдөрлөгийг нээж, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр ISO 30400 стандартын хэрэгжилтийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ, “Манай үйлдвэрийн хамт олны 46 жилийн хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт оруулсан хувь нэмэр асар их. Энэ нь бидний хамтын ажиллагаа Монгол Улсын эдийн засаг, ажилчдын нийгмийн асуудалд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг харуулж байна. Үйлдвэрлэл нэг өдөр зогсоход ямар хэмжээний алдагдал гардаг нь ч тодорхой. Тиймээс энэ тогтвортой байдлыг хангаж байгаа хамгийн чухал түлхүүр нь та бүхэн юм” хэмээн онцоллоо.
Мөн тэрээр, олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх нь байгууллагын урт хугацааны хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн зорилттой уялдаж байгааг дурдсан юм. “Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр олон улсын болон үндэсний баталгаажуулалттай хэд хэдэн стандартыг нэвтрүүлээд байна. Цаашид ч шинэ стандартуудыг үе шаттай хэрэгжүүлж, бүх бүтцийн нэгжид ижил түвшинд хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэв.
Түүнчлэн, хүний нөөцийн бодлогын шинэчлэл, хэрэгжилтийн үр дүнгийн талаар танилцуулж, байгууллагын ажиллах хүч, нийгмийн нөлөөллийг тоон үзүүлэлтээр илэрхийллээ. “Манай үйлдвэрт 7100 гаруй ажилтан ажиллаж, Орхон аймгийн ажиллах хүчний бараг дөрөвний нэгийг бүрдүүлж байна. Нийт ажилтны 23 хувь нь гэр бүлээрээ ажилладаг, 9000 гаруй хүүхдийн амьжиргаатай шууд холбоотой томоохон хамт олон юм” хэмээн тодотгосон.
Мөн нээлттэй сонгон шалгаруулалтын тогтолцоо, хүний нөөцийн бодлогын шинэчлэлийн үр дүнг онцолж, “Өнөөдөр сул ажлын байрны 95 хувийг нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлж байна. Нэг ажлын байранд дунджаар 16 хүн өрсөлдөж байгаа нь хөдөлмөрийн зах зээл дэх эрэлтийг илтгэж байна” гэдгийг дурдлаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр, чадамжид суурилсан менежментийн тогтолцоо, ERP систем, дотоод порталын хэрэглээг танилцуулж, оролцогчдод практик мэдлэг олгов. Мөн нээлттэй ярилцлагын үеэр ажилтнууд тулгамдаж буй асуудлаа шууд хэлэлцэж, холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсан нь өдөрлөгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн юм.
Ийнхүү ISO 30400 стандартын хэрэгжилтийг бодит ажил хэрэг болгоход чиглэсэн энэхүү өдөрлөг нь байгууллагын хүний нөөцийн менежментийг шинэ шатанд гаргах чухал алхам болж байна.















