Гадаад харилцааны яамны төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцах хүрээнд 2026 оны гуравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллалаа.Энэхүү айлчлалд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй Элчин сайд, газрын захирал, дэд захирал, зөвлөх, атташе болон бусад албан тушаалтнуудын өргөн бүрэлдэхүүн оролцлоо. Тухайлбал, Арабын Нэгдсэн Эмират Улс, Египет Улсад суух Элчин сайд нар, бодлого, хөрш орнууд, гэрээ эрх зүй, олон талт хамтын ажиллагаа, консул, ёслол болон хүний нөөцийн чиглэлийн албан хаагчид багтсан байв. Хөтөлбөрийн хүрээнд төлөөлөгчид үйлдвэрийн үндсэн нэгжүүд болох Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Авто тээврийн цехийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Мөн ХАБЭА-н зааварчилгаа авч, Үйлдвэр, технологийн парк төслийн явцтай танилцсан юм.
Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн хүчин чадал, эдийн засгийн үзүүлэлтийн талаар онцлон мэдээлэл өглөө. Тэрбээр: “Манай хүдэр боловсруулалтын хүчин чадал 40 сая тоннд хүрсэн. Энэ нь томоохон ордуудын түвшинд хүрсэн үзүүлэлт. Хэдийгээр хүдрийн агуулга буурч байгаа ч бид олборлолт, боловсруулалтаа нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах бодлого барьж байна. 2025 онд 4.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 756 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан” гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр уурхайн гүнзгийрэлт, хүдрийн агуулгын бууралт, тээвэрлэлтийн зай нэмэгдэх зэрэг хүчин зүйлс зардал өсөхөд нөлөөлж буйг дурдаад, эдгээр нөхцөлд үйлдвэрлэлийн үр ашгийг хадгалах нь хамгийн чухал байгааг тэмдэглэлээ.
Харин Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг айлчлалын ач холбогдлыг онцлон: “Манай яамны бүх шатны төлөөлөл Эрдэнэт хот, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны талаар санал солилцож байна. Ялангуяа гадаад харилцааны чиглэлээр ажиллаж буй залуучууд үйлдвэрлэлийн бодит үйл явцтай танилцаж, экспортын бүтээгдэхүүн хэрхэн бий болдгийг харах нь чухал ач холбогдолтой” хэмээн хэллээ.
Тэрбээр орон нутгийн гадаад харилцааг дэмжих чиглэлээр сургалт, зөвлөгөө өгөх ажлуудыг давхар хэрэгжүүлж байгааг дурдсан юм. Энэхүү айлчлал нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг олон улсын түвшинд сурталчлах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг албаныхан онцоллоо.






















