Өглөөний намуухан агаарт хөгжмийн эгшиг уянгалж, номын айлдвар цуурайтах энэ өдөр Үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд нэгэн чухал бүтээн байгуулалтын эхлэл тавигдлаа. Энэ бол ирээдүйн үйлдвэрүүдийн “зүрх” болох цахилгаан хангамжийн дэд бүтцийн томоохон төсөл юм. Ёслолын үйл ажиллагааг Уран эгшиг дугуйлангийн багш, сурагчдын “Морин төвөргөөн” аялгуугаар нээж, улмаар Хутагт ламын Ганданшадавлин хийдийн лам хуврагууд “Итгэл”, “Мэгзэм”, “Дашчийравын сан”, “Жанлавцогзол”, “Хийморийн сан”, “Баян-Өндөрийн сан” зэрэг ном айлдан газар лус, байгаль дэлхийг аргадан, бүтээн байгуулалтын ажилд ерөөл өргөлөө.
Энэхүү “Цахилгаан хангамжийн багц-3” төсөл нь Үйлдвэрлэл, технологийн паркийн гадна байрлах 110/35/6 кВ-ын 2х63 МВА хүчин чадалтай “ҮТП” дэд станц болон 20.5 км урт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг багтааж буйгаараа онцлог юм. Төслийн гүйцэтгэгчээр “Энх-Өглөө” ХХК шалгарч, энэ оны хоёрдугаар сард гэрээг байгуулан, ийнхүү өнөөдрөөс барилга угсралтын ажлаа эхлүүлж байна.
Төслийн ач холбогдлын талаар Эрчим хүчний хэлтсийн Ерөнхий эрчим зүйч, хэлтсийн дарга Л.Ариунболд ярихдаа: “Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд нийт гурван багц цахилгаан хангамжийн ажил хэрэгжиж байна. Эхний хоёр багц 70-80 хувийн гүйцэтгэлтэй, энэ онд бүрэн дуусна. Харин гуравдугаар багц болох энэ дэд станц өнөөдөр ийнхүү эхэлж байна. Ашиглалтад орсноор зөвхөн парк дахь үйлдвэрүүдийг тэжээгээд зогсохгүй, Хаягдлын аж ахуй болон цаашдын томоохон төслүүдийн эрчим хүчний суурь болж өгнө” хэмээн онцолсон юм.
Тэрбээр мөн дэд бүтцийн бусад ажлууд зэрэгцэн урагшилж буйг дурдлаа. Тухайлбал, авто зам, төмөр замын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа бол ус хангамжийн шугам сүлжээ бүрэн дуусч, ашиглалтад оржээ. Энэ нь Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжил шат дараатай, бодит ажил болон хэрэгжиж байгааг илтгэнэ.
Харин төслийн гүйцэтгэгч “Энх-Өглөө” компанийн Төсөл хариуцсан гүйцэтгэх захирал Д.Эрдэнэ-Очирын хувьд энэ ажлыг өндөр хариуцлагатайгаар хүлээн авч байгаагаа илэрхийллээ. “Манай компани 2008 оноос хойш 2000 гаруй км цахилгаан дамжуулах шугам, 20 гаруй дэд станцыг барьж байгуулсан туршлагатай. Эрдэнэт үйлдвэртэй хоёр дахь удаагаа хамтран ажиллаж байна. Бид төслийг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд хэрэгжүүлж, найдвартай хүлээлгэн өгнө” гэв.
Одоогийн байдлаар төслийн бэлтгэл ажил хангагдаж, техник, материалын захиалга 60 орчим хувьтай явж байгаа бөгөөд барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу эхэлжээ. Ийнхүү Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн нэгэн чухал зангилаа болох цахилгаан хангамжийн төслийн ажил эхэлснээр шинэ үйлдвэрүүдийг байгуулах суурь бүрдэж, бүс нутгийн үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжилд бодит түлхэц өгөх алхам ийнхүү тавигдлаа.






















