“Эрдэнэт” цогцолбор их сургууль Коосэн хөтөлбөрийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, оюутнуудын мэдлэг, ур чадвар олон улсын түвшинд баталгаажсаар байна. Тус хөтөлбөрийн 66 оюутан япон хэлний түвшин тогтоох олон улсын JLPT шалгалтаар N5, N4, N3 түвшинд үнэлэгдсэнээс, 23 суралцагч өнөөдөр гэрчилгээгээ гардлаа.
Энэ сар “Эрдэнэт Коосэн” хөтөлбөрийн оюутнуудын хувьд онцгой амжилтаар дүүрэн байгааг сургуулийн захиргаанаас онцолсон. Тухайлбал, Япон Улсын Акита Коосэнд хэрэгжсэн “Сакүра Саенс” хөтөлбөрт Механикийн инженерчлэлийн 3-р курсийн оюутан Э.Мөнхжин, Химийн инженерчлэлийн 3-р курсийн оюутан Э.Саруултөгөлдөр нар амжилттай хамрагджээ. Мөн Монголын Коосэн коллежуудын 60 гаруй оюутан оролцсон “Монгол ур чадвар” тэмцээний “Chemical Laboratory Technology” төрөлд Химийн инженерчлэлийн 3-р курсийн оюутан Э.Саруултөгөлдөр Үндэсний ялагчаар шалгарч, Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн “WorldSkills Shanghai-2026” тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон бахархам амжилт үзүүлэв.
Түүнээс гадна 3-р сарын 14-нд зохион байгуулагдсан Коосэн сургуулиудын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд “Эрдэнэт Коосэн” хөтөлбөрийн баг тамирчид амжилттай оролцож, спортын мастер, багш Я.Оюунцэцэгийн дасгалжуулсан А.Эвсанаа ахлагчтай хөвгүүдийн баг, М.Хишигдэлгэр ахлагчтай охидын баг алтан медаль хүртэж аваргаллаа.
Ийнхүү “Эрдэнэт Коосэн” хөтөлбөрийн оюутнууд хэлний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, спортын амжилтаараа манлайлан, үндэсний болон олон улсын түвшинд өрсөлдөх чадвараа бататгасаар байна.















