Хаврын салхи сөрсөн зэвэргэн өдөр Орхон аймгийн Казах иргэдийн Наурызын баяр тохиосон ч Алтайн уулс шигээ сүр жавхлантай, халуун сэтгэлт ард түмний наадам домборын цоглог аялгуу, дуу, бүжиг шигээ эрч хүчтэй, ирмүүн дэврүүн сайхан боллоо.
Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Наурыз 2026”, “Бүргэдийн баяр” энд оршин суугаа 800 гаруй казах иргэдийг хүндэтгэсэн, тэдний өв соёл, зан заншлыг олон нийтэд таниулсан онцгой үйл ажиллагаа болов.
Баярын гол чимэг нь Баян-Өлгий аймгаас хүрэлцэн ирсэн М.Хурманханы нэрэмжит “Алтан гадас” одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, алдарт бүргэдчин Женисбек тэргүүтэй бүргэдчид, Дэлхийн аваргын мөнгөн медальт А.Ром ахлагчтай морин спортын шилдэг тамирчдын тоглолт, үзүүлбэр байсан.
Цэнгэлдэхийн хөндийд домборын эгшиг тасраагүй тэр өдрийн баярын уур амьсгал тулам булаалдах, зоос шүүрэх, морьт барилдаан, бүргэдээр ан хийх өвөрмөц соёлын үзүүлбэрүүдээр улам өрнүүн, өргөн дэлгэр болсон юм.
Энэ үеэр наадамчид Казах үндэстний уламжлалт хоол болох амтат каз, бауырсак, көже зэргийг амталж, гар урлалын үзэсгэлэн худалдаа олны нүдийг хужирласан, Эрдэнэт хотын олон үндэстний эв нэгдэл, соёлын баялаг өвийг илэрхийлсэн өвөрмөц үйл ажиллагаа болж өндөрлөлөө.















