Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг үйлдвэрийн газрын Ерөнхий инженер Т.Батмөнх удирдан, Ерөнхий захирал Г.Ёндон цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өгсөн. Шуурхайн эхэнд, Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвөөс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт ажилтан, ахмадууд, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдийн 2025 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тайланг танилцууллаа. Өнгөрсөн жил эрүүл мэндийн 13 багцаар 8805 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна. Энэ оны үзлэгийг гуравдугаар сарын 23-ны өдөр эхлүүлэхээр болжээ.
Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй өндөр эрсдэлтэй 26 ажил гүйцэтгэж, ажлын байранд сөрөг хүчин зүйлийн 134 хэмжилт хийжээ. Хөдөлмөрийн нөхцөлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэтэрсэн 10 тохиолдол илрүүлж зөвлөмж, арилгах үүрэг өгч ажилласан гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс мэдээллээ. Аюулыг мэдээлэх хэрэгслээр нийт 11 мэдээллийг ажилтнуудаас ирүүлж, арилгах арга хэмжээ авч ажилласан байна. Хаврын хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан нийт бүтцийн нэгжүүд болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, мэргэжлийн ангитай хамтран гал, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, хяналт шалгалт хийхийг шуурхай зөвлөгөөнөөс үүрэг болгосон. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх чиглэлээр 26 ажил хийж гүйцэтгэсэн байна.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон нормчлогдсон материалын нөөц бүрдүүлэлтийн талаар Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ. Энэ сарын 15-ны өдрийн байдлаар үйлдвэрлэл хэвийн, төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Тайлант хугацаанд уурхайчид 24012 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортод гаргажээ. Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн хавар, зуны бэлтгэл ажлын төлөвлөгөө гарч, энэ долоо хоногт батлагдан хэрэгжиж эхэлнэ. Мөн их зогсолтын бэлтгэл ажил хангаж, 435 төрлийн засвар үйлчилгээ хийхээр төлөвлөснийг Механикийн хэлтэс мэдээллээ.
Эрдэнэт үйлдвэрийн цалин хөлс, урамшууллын журам хэрэгжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө, сургалт зохион байгуулахыг Эдийн засгийн хэлтэст даалгасан. Мөн цагаан тоосны дэгдэлт бууруулах, хаврын хуурайшилтын үед гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг бүтцийн нэгжийн удирдлагуудад шуурхай зөвлөгөөнөөс үүрэг болголоо.















