Залуу эмэгтэй ажилтнуудыг чадавхжуулах зорилготой “Менторшип 2025” хөтөлбөрийн бүтэн жилийн хугацаанд хэрэгжсэн үр дүн, ач холбогдлыг тус хөтөлбөрт оролцогчид дүгнэж, хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтэд тэнцэж, ментигээр сонгогдсон зургаан эмэгтэй ажилтан өөр өөрийн ментор багштайгаа хамтран хэрэгжүүлж, үр дүнд хэрхэн хүрсэн тухай түүхээ хуваалцсан юм. Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос өнгөрсөн онд уурхайчин эмэгтэйчүүдэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа зохин байгуулсны нэг нь энэхүү “Менторшип 2025” хөтөлбөр юм.
Хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийн ажилтан М.Энхчимэг, Л.Тунгалаг, Ш.Шинэцэцэг, Ц.Хоролсүрэн, Г.Наранцэцэг, А.Оюундарь нар сонгогдон, нэг жилийн турш ментор багштайгаа гэрээ байгуулан, хувь хүний хөгжил, ур чадвараа дээшлүүлэх зорилго бүхий төлөвлөгөө гарган ажилласан. Тэд хувь хүний хөгжил, харилцаа хандлага, манлайлал, зохион байгуулах, илтгэх чадвар, гадаад хэлний мэдлэг зэрэг олон талын чадамжаа дээшлүүлж, өөрийгөө өөр талаас харах олон өөрчлөлттэйгөөр хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлснээ танилцууллаа.
Үр дүнгийн уулзалтын эхэнд Эмэгтэйчүүдийн холбооны дарга Х.Оюунтунгалаг хөтөлбөрийн оролцогчдод баяр хүргэн амжилт хүсэхийн зэрэгцээ тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, анхаарах зүйлсийн талаар туршлага, арга барилаасаа зөвлөж дэмжин, урам зориг өгч байсан Хүний нөөц, захиргааны хэлтсийн хамт олонд талархал илэрхийлэв.
“Менторшип-2025” хөтөлбөр бол Эрдэнэт үйлдвэрийг анх байгуулагдсан цаг үеэс хэрэгжиж ирсэн хүний нөөцийн бодлогын “багш, шавийн гэрээ”-ний орчин цагийн ахисан түвшний хувилбар юм. Энэ хөтөлбөрөөр дамжуулан үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын хүрээнд бэлтгэгдэж буй түлхүүр ажилтнуудын тоог нэмэх, тэдэнд өгч буй мэдлэг мэдээллийг хүртээмжтэй болгох зорилготой” гэж Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр онцлоод, Хүний хөгжлийн бодлогын нэг хэсэг болсон Менторшип хөтөлбөрийг зохион байгуулж, хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн холбоо болон хамтран ажиллагсдад талархан, амжилт хүслээ.
Менторшип хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлснээр Эрдэнэт үйлдвэрийн хэтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд эмэгтэй ажилтнуудын мэдлэг ур чадвар том хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа зохион байгуулагчид онцоллоо.















