Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүнийг ил тод, нээлттэй зах зээлийн зарчмаар арилжих боломж улам бүр нэмэгдсэн. Ялангуяа зэсийн баяжмалыг биржээр арилжих төрөл ангилалд нэмсэн нь Засгийн газраас хэрэгжүүлсэн чухал алхмуудын нэг юм.
2024 оны дөрөвдүгээр сард Монголын хөрөнгийн бирж дээр зэсийн баяжмалын анхны арилжааг “цан” цохиж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ эхлүүлж, 3000 тонн зэсийн баяжмалыг анх удаа биржээр арилжаалж байлаа. Тэр цагаас өнөөг хүртэл нийт 116 мянган тонн зэсийн баяжмал биржээр худалдахаар 25 удаагийн арилжаа зохион байгуулжээ. Үүнээс 158.2 сая ам.долларын үнэ бүхий 69 мянган тонн баяжмал нийлүүлэх 13 арилжаа амжилттай болж, худалдан авагч талуудад нийлүүлэлт хийсэн байна.
Харин худалдан авагч оролцоогүй 11 арилжааны хувьд олон улсын зах зээл дээр зэсийн үнэ буурах үе таарсан нь нөлөөлсөн, гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд худалдан авагчдын оролцоо үнийн хэлбэлзлээс ихээхэн хамаарч буйг харуулж байгаа юм.















