Эрдэнэтчүүдийн дунд “Орос сургууль” хэмээн нэршсэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ерөнхий боловсролын 19 дүгээр дунд сургуульд өнөөдөр 700 гаруй хүүхэд суралцаж байна.
Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх тус сургуулийн удирдлага, сурган хүмүүжүүлэгч багш, ажилчидтай уулзах үеэрээ, сургалтын үйл ажиллагаа орос хэл дээр явагддаг хэдий ч монгол хүүхдүүд дэлхийтэй хөл нийлүүлэн алхах ёстойг онцлон тэмдэглэв. Иймээс англи хэлний мэргэжлийн гадаад багш ажиллуулах шаардлагатайг анхаарууллаа.
Мөн сурагчдын хоолны нэр төрөл цөөн, орц хэмжээ хангалтгүй байгаа талаар гомдол ирснийг танилцуулаад, тогооч болон гал тогооны туслах ажилтны орон тоог нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхийг холбогдох хэлтсийн удирдлагаас хүссэн юм.
Түүнчлэн, 100 гаруй мянган хүн амтай Орхон аймгийн боловсролын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, Орос цэцэрлэгийн төгсөгчдийн 70 хүртэлх хувийг элсүүлэн сургах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг чиглэл болгов. Үүний зэрэгцээ сургалтын үйл ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж ажиллахын чухлыг онцлон санууллаа.















