Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ой, Зөвлөлт-Монголын хамтарсан баг сансарт ниссэний 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Хоёр нуурын цом”-ын төлөөх бөмбөгтэй хоккейн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Хөл бөмбөгийн талбайд нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улс, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, ОХУ-ын Эрхүү мужийн Политехникийн их сургуулийн Ерөнхий захирал, ОХУ-ын Бөмбөгтэй хоккейн оюутны лигийн ерөнхийлөгч М.В.Корняков тэргүүтэй хүндэт зочид оролцож, тамирчдад амжилт хүссэн юм.
Энэ үеэр Монгол Улс, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа хэлсэн үгэндээ, Хоёр нуурын цомын төлөөх тэмцээнийг Хөвсгөл, Байгал нуурт ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. Харин энэ удаа Монгол, Оросын ард түмний хамтын бүтээн байгуулалтын бэлгэ тэмдэг болсон, хагас зуун жилийн түүхтэй Эрдэнэт хотод анх удаа зохион байгуулж байгаагаараа онцгой ач холбогдолтойг тэмдэглэлээ. Тэрбээр Эрдэнэтийн уурхайчид тэмцээний бэлтгэлийг өндөр түвшинд хангаж, талбайн мөсийг чанартай бэлтгэснийг сайшаан, ОХУ-аас зорин ирсэн оюутан залуус, эрдэмтэн багш нар, удирдлагуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Нөхөрсөг тэмцээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын шигшээ баг, Эрхүү мужийн оюутны “Польтех” баг, Монгол Улсаас “Хангарди” спорт клубын хоккейн шигшээ баг оролцож, нийт 60 гаруй тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Хоёр тоглолтын дараах байдлаар Эрхүү мужийн оюутны “Польтех” баг тэмцээнийг хошуучилж байгаа бөгөөд шийдвэрлэх тоглолт энэ сарын 28-нд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Максимиха сууринд, Байгал нуурын эрэг дээр үргэлжилж, аваргууд тодрох юм.





















