Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. Тэрээр улирч буй жилд уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөө, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээр түүхэн дээд амжилт тогтоож, өргөтгөл шинэчлэлийн ажлуудаа амжилттай хэрэгжүүлсэн, бүтээмж өндөр он байсныг онцолсноор могой жилийн отгон “шуурхай” эхэллээ.
Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй, хэвийн ажилласан талаар ХАБЭА-н хэлтсээс мэдээлэв.
Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Барилга засварын цех, Дулаан цахилгаан станц, Тээвэр ложистикийн төв зэрэг бүтцийн нэгжүүдэд зорилтот хяналт шалгалт зохион байгуулжээ. Мөн “Эрдэнэ цогцолбор” дээд сургууль дээр 199, ажлын байран дээр 244 ажилтанд сургалт явуулж, нийт 489 хүнийг хамруулсан байна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид 40 тонн хаягдал тос шилжүүлэн өгч, байгаль хамгааллын ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлжээ.
Хоёрдугаар сарын эхний 15 хоногийн байдлаар хүдэр олборлолт +53,000 тонн, хүдэр боловсруулалт -31, хүдэр дэх зэсийн өгуулга 0,375, молибден 0,015, технологийн балансаар зэсийн металл авалт 86,3 молибден 46,6 хувийн гүйцэтгэлтэй байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ. 22,40 хувийн агуулгатай, 5495 тонн цэвэр зэс агуулсан, 4529 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Тайлант хугацаанд молибдены баяжмал 86 контейнер гаргасан бол зэсийн баяжмал сарын эхнээс 426 вагон ачсан байна.
Баяжуулах үйлдвэр баярын өдрүүдэд ажиллах бэлтгэлээ хангаж, шаардлагатай сэлбэг хэрэгсэл, жижүүрийн хуваарийг батлуулсан байна. Хоёрдугаар сарын 20-ны өдөр Төв корпус болон Бутлан тээвэрлэх хэсэг, Өөрөө нунтаглах хэсгийн тасралтгүй ажиллагаатай тоног төхөөрөмжүүд дээр тосолгоо үйлчилгээ хийх, насос солих, засварлах зорилгоор бригадууд ажиллана. Өргөтгөл шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлуудын хувьд анхан шатны бутлуур дээр металл хийц угсарна. Харин Өөрөө нунтаглах хэсгийн хацарт бутлууртай холбогдох хэсэгт хадан тэжээгүүрийг 14 хоногийн өмнө буулгасан нь угсрагдаад дуусчээ. Гуравдугаар 20-ноос цаг агаар дулаарахтай зэрэгцэн газар шороо, цутгалтын ажил эхэлнэ. Одоогоор дам нурууны тулгуурууд, хэв хашмалын бэлтгэл ажлууд хийгдэж байна гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээллээ.
Ерөнхий захирал модон могой жилийн их ажлын ард амжилттай гарсан, удирдан зохион байгуулж, манлайлж ажилласан нийт удирдлагуудад баяр хүргээд, гал морь жилд олон жилийн мөрөөдөл болсон зэс хайлуулах үйлдвэрийг эхлүүлэх, Оюутын ордын технологийг тодорхойлох зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон төслүүд хүлээж байгааг онцлов. Тэрээр “Ирэх жилийн өдийд илүү их амжилтын тухай ярилцаж суухын ерөөл дэвшүүлье” хэмээн ерөөж, сар шинийн баярын өдрүүдэд үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах хяналт, зохион байгуулалтаа өндөржүүлж, хариуцлага сахилгыг чанд мөрдөн ажиллахыг үүрэг болголоо.















