“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн багийнхан 2025 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, хэрэгжилтийн үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, шийдлүүдийн талаар хэлэлцлээ.
Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн ажиллах хүчний бүтэц эрчимтэй шинэчлэгдэж, өнөөдөр нийт уурхайчдын 60 гаруй хувийг залуу ажилтнууд бүрдүүлж байна. Энэ өөрчлөлт нь ажилтнуудын мэдлэг, ур чадвар, хандлагад тулгуурласан хүний нөөцийн хөгжлийн шинэ загварыг боловсруулж, хэрэгжүүлэх бодит шаардлага бий болсон юм. Хүн хөгжүүлнэ гэдэг зөвхөн сургалтаар хязгаарлан ойлгодог байсан хандлага өөрчлөгдөж, ажилтны авьяас чадварыг нээх, сайжруулах, тогтвортой өсөж хөгжих орчныг бүрдүүлэхэд чиглэсэн цогц бодлого хэрэгжиж буйг тайлангаас харж болно.
2025 онд үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, нийтлэг дүрэм журам, байгууллагын онцлог, соёлд дасан зохицох, ажил мэргэжилд нь дадлагажуулах зорилготой “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”, залуу ажилтнуудын хүсэл тэмүүлэл, зорилго, эерэг хандлага, найрсаг харилцаанд тулгуурлан манлайлал, багийн ажиллагааг идэвхжүүлж, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”, удирдах ажилтнуудын нөөц бэлтгэх, хөгжлийг түүчээлэх манлайлагч, авьяас, ур чадвартай түлхүүр ажилтнуудыг бэлтгэх зорилготой “Манлайлал, авьяас, чадварын хөтөлбөр”, ур чадвартай ажилтнуудын мэдлэг, туршлагыг залуу ажилтнуудад өвлүүлэх, байгууллагын соёлыг бэхжүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дадал болгох зорилготой “Залгамж” хөтөлбөр төлөвлөгөөний дагуу, үр дүнтэй хэрэгжжээ. Эдгээр хөтөлбөр нь ажилтны нийгэм, сэтгэл зүйн хэрэгцээ, онцлогийг судалж, удирдлага, ажилтан хамтран нэгэн зорилгын төлөө харилцан сэтгэл ханамжтай ажиллах, хувь хүний хөгжих боломжийг хангахад чиглэж байгаагаараа онцлог юм.
Уулзалтын үеэр оролцогч талууд санал бодлоо чөлөөтэй солилцож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам, эрсдэлийг боломж болгон хувиргах гарцуудыг хэлэлцэн, 2026 оны зорилго, зорилт, хөтөлбөрүүдээ танилцуулж, харилцан туршлага, зөвлөгөө авлаа. Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр “Хөтөлбөрүүдийн уялдаа холбоо сайжирсан, оролцогч талуудын хамтын ажиллагаа бэхэжсэн, үр дүнтэй хурал боллоо” хэмээн дүгнэв. Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр 2025 онд шинэ шатанд гарсныг оролцогчид онцолсон юм. Тухайлбал, хүний нөөцийн хөгжлийн цахим платформыг нэвтрүүлснээр ажилтнууд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сургалт, хөгжил, үнэлгээ, хувийн хөгжлийн төлөвлөгөөгөө цахимаар хэрэгжүүлэх боломж бүрдсэн нь онцлох ахиц байлаа.
Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хүний нөөцийн хөгжлийг байгууллагын тогтвортой өсөлтийн суурь хэмээн тодорхойлон, ажилтан бүрийн оролцоо, чадавх, манлайлалд тулгуурласан цогц бодлогоо шат дараатай хэрэгжүүлж байна. Энэ нь өнөөдрийн хэрэгцээг хангаад зогсохгүй, ирээдүйн уурхайчдыг бэлтгэх, мэдлэгт суурилсан, хүний хөгжилд чиглэсэн байгууллагын соёлыг төлөвшүүлэх чухал алхам болж байна.















