Баяжуулах үйлдвэрийн шинэ ажилтнуудын дунд “Мэдлэг, чадвар, зөв дадал - Амжилтын үндэс” уриан дор зохиогдсон “Talent miner” урлагийн наадам шилдгүүдээ шалгарууллаа. Шинэ ажилтнуудынхаа авьяасыг нээн сурталчлах, цехийн уран сайханчдын баг бүрэлдэхүүнийг шинэчлэх, үйлдвэрийн болон цехийн урлаг, уран сайхны үйл ажиллагаа, уралдаан тэмцээнд оролцуулах, идэвхжүүлэх зорилготой тус наадмын шалгаруулалт өнгөрсөн 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд болов. Тус наадамд Баяжуулах үйлдвэрт 2024 оны нэгдүгээр сараас хойш шинээр ажилд орсон есөн хэсгийн 70 гаруй ажилтныг хамруулж, гоц авьяастан болон дуу, бүжиг, хөгжмийн аваргуудыг тодруулжээ.
Урлагийн наадмын гоцлол дууны төрөлд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хийн ба цахилгаан гагнуурчин А.Бадамсамбуу түрүүлж, тус хэсгийн тээрмийн машинч Т.Бат-Од, Бутлан тээвэрлэх хэсгийн конвейерийн машинч Д.Уянга нар удаах байрт шалгарсан бол гоцлол бүжгийн шилдгээр Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч С.Энхсаруул, Бутлан тээвэрлэх хэсгийн конвейерийн машинч О.Мөнхсолонго тодорчээ.
Гоцлол хөгжмийн төрөлд Нунтаглан баяжуулах хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин С.Төгстөгөлдөр, гоц үзүүлбэрийн төрөлд Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч Э.Эрдэнэбулган, тоног төхөөрөмжийн засварчин Д.Батсуурь нар тус тус шалгарав. Хамтлаг дууны төрлийн дэд байрт Аж ахуйн хэсэг, хамтлаг бүжгийн аваргаар Нунтаглан баяжуулах хэсэг, Захиргааны хэсгийн ажилтнууд тодорсон байна.
Наадмын шилдгүүдийн Гала тоглолт энэ сарын 12-нд Соёл, урлагийн цогцолборын их танхимд болох ажээ.




















