Удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн өргөтгөсөн байдлаар хуралдаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт болон цаг үеийн асуудалд анхаарал хандууллаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс ажилчдын хувийн хамгаалах хэрэгсэл, өвлийн гутал, хувцсыг хуваарийн дагуу олгож байна. Тус хэлтсийн үйл ажиллагаа, оны ажлын тайланг хэлэлцдэг ХАБЭА-н бага хурлыг ирэх сарын дундуур зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан ажилтнуудын саналыг цахимаар хүлээн авах бэлтгэл ажил хийгдэж байгаа тул бүтцийн нэгжүүд идэвхтэй оролцохыг удирдлагуудаас хүслээ. Өнөөдрийн байдлаар, 1200 ажилтан санал асуулгад хамрагдаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны талаар санал бодлоо ирүүлээд байна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Монголын Химичдийн Холбоотой хамтран “Химийн бодисын аюулгүй байдал” сургалт зохион байгуулж, үйлдвэрийн хэмжээнд химийн бодистой харьцаж ажилладаг 63 ажилтныг хамруулсан байна. Тус хэлтсээс 2026 оны байгаль орчны ажлын төлөвлөгөөг боловсруулж, Байгаль орчны яаманд батлуулахаар бэлтгэж буйг танилцууллаа.
Энэ сарын эхний 20 хоногийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биелж байна. Уулын цул гаргалт 106.6 хувь, хөрс хуулалт 110.5 хувь, хүдэр олборлолт 102.9 хувиар биелсэн бол хүдэр боловсруулалт 99.1 хувийн үзүүлэлттэй гарчээ. Мөн хүдэр дэх зэс, молибденын агуулга 107-113 хувиар, металл авалтын төлөвлөгөө 100-118 хувиар тус тус биелж буйг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээлэв.
Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37000:2025 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээний ажлын хэсгийн уулзалт зохион байгуулж, ажлын тайланг танилцуулсан байна. Эрсдэлтэй ажлын байрыг тодорхойлох, шинжлэх ажлууд хийгдэж байгаа аж. Үйлдвэрийн ажилтнуудын дунд 8 ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж, гурван ажлын шалгаруулалт амжилттай болсон байна.
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа. Энэ хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрдэнэт үйлдвэрт хийж хэрэгжүүлэх ажил болон өмнө нь өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийн биелэлтийг гаргаж танилцуулах, сургалт сурталчилгаанд хамрагдах санал солилцох зэргээр хамтран ажиллана.
2025 оны сүүлийн хагас жил үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хувьд нэлээд ачаалалтай байсан ч төлөвлөгөөт үзүүлэлтүүд 11 сарын байдлаар биелж байна. Хүндрэл бэрхшээл багагүй тулгарсан ч хамтын хүчээр шийдсэний үр дүнд үйлдвэрлэл хэвийн үргэлжилж буйг Ерөнхий инженер Т.Батмөнх шуурхай зөвлөгөөнд онцлов. Харин үлдэж буй хугацаанд ажлаа эрчимжүүлж, төлөвлөгөөгөө биелүүлж ажиллахын төлөө шамдаж ажиллах чиглэл өгсөн.
Шуурхайн төгсгөлд Ерөнхий захирал Г.Ёндон дэлгэрэнгүй мэдээлэл хийхийн зэрэгцээ оны эцэст олон ажлууд давхцаж, ачаалал эрс нэмэгддэг тул хүн бүр сахилга хариуцлагаа өндөржүүлж, үйлдвэрлэлийн бүх шатанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн горим шаардлагыг чандлан сахиж ажиллахыг үйлдвэрийн бүтцийн нэгж, удирдлагуудад анхааруулж, биелүүлж мөрдөхийг үүрэг болголоо.















