“Стартап Монгол” ТББ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтэс хамтран “Корпорэйт инновац ба дизайн сэтгэлгээ” сургалт зохион байгууллаа.
Корпорейт инновац буюу томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд дизайн сэтгэлгээний соёл, ач холбогдлыг ойлгуулж, төлөвшүүлэх, дэлхийн чиг хандлага, олон улсын туршлага, үр дүнтэй арга аргачлалуудаас таниулах зорилготой тус сургалтад Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, удирдах шатны ажилтнууд оролцов.
Уул уурхайн том компаниудад инновац, дизайн сэтгэлгээний соёлыг төлөвшүүлэх нь тухайн компанийн бизнесийн стратегид ямар өндөр ач холбогдолтой болох, үйлдвэрт энтрепренершипийн экосистем бүрдүүлснээр гарах эерэг үр дүн, өөрчлөлтийн талаар хэлэлцэж, мэдлэг солилцсон нь сургалтын гол давуу тал болсон байна. Корпорейт инновац гэж юу болох, үүнийг Google X, Rio Tinto зэрэг дэлхийн олон том компаниуд стратеги төлөвлөгөөндөө хэрхэн нэвтрүүлж буй болон инновацыг системтэй хэрэгжүүлэх аргачлал, дизайн сэтгэлгээний таван үе шат зэрэг чухал мэдээллийг “Стартап Монгол” ТББ-ын Үүсгэн байгуулагч С.Эрдэнэбат, Гүйцэтгэх захирал З.Билэгбаатар, Хөтөлбөр хариуцсан захирал Т.Дөлгөөн нарын сургагч багш нар өгч, Эрдэнэт үйлдвэрт инновацын соёл, экосистем бий болгох боломж тодорхойлох хэлэлцүүлгийг оролцогчдын дунд өрнүүллээ.















