Эрдэнэт үйлдвэрт “Мэдлэг түгээх ажлын байр” бий болгох зорилтот хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд Аж ахуй, үйлчилгээний цехийн бүтээлч хамт олон 50 жилийнхээ ойг тохиолдуулан Ерөнхий захиргааны I байрны чийрэгжүүлэлтийн хуучин өрөөг хоёр сарын хугацаанд өөрсдийн хүчээр засварлан тохижуулж, үйлчилгээний ажилтнуудын сургалтын иж бүрэн танхим байгуулжээ.
Ажлын байраар дамжуулан мэдлэг түгээх, хуваалцах, дэлгэрүүлэх, далд мэдлэгийг илрүүлэх, хадгалах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой уг хөтөлбөр Аж ахуй, үйлчилгээний цехэд бүрэн утгаараа хэрэгжсэнийг эл танхимаас харж болно. Танхимын хананд “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага CS61-0033:2020” стандартын дагуу ажилтнуудын дагаж мөрдөх соёл, хувцаслалт, “лүүк” бүрдүүлэлтийн зураг, ХАБЭА-н эрсдэл бууруулах заавар, менежментийн журам, өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээний технологи ажиллагааны дараалал зэрэг мэдээллийг QR код бүхий самбаруудаар, ойлгомжтой байдлаар байршуулжээ. Мөн амарч тухлах буйдан бүхий орчин, Алдрын булан, Цехийн алсын хараа, эрхэм зорилго, “Миний хамт олон” сүлд дуу, цахим сургалтын дэлгэц, проектор, шилэн болон соронзон самбарууд зэрэг орчин үеийн сургалтын бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Танхимын голд биллиардын хуучин ширээ ашиглан Эрдэнэт үйлдвэрийн цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлдэг объектуудын макет, тохижилт бүхий загварыг хийсэн нь онцлог. Мөн цэвэрлэгээний бодисуудын бодит үзүүлэн, хэрэглээний тайлбар, шинэ ажилтны бэлгийн багц, цэвэрлэгээний иж бүрэн хэрэгслийг тоглоом хэлбэрээр шилэн хоргонд байршуулж, үйлчилгээний ажилчдын хувцаслалт, соёлын загварыг моделиор харуулжээ.
Энэхүү бүтээлч санаачилга нь Мэдлэгийн менежментийн тогтолцооны ISO 30401 стандартын бодит хэрэгжилтийн тод жишээ болж байна. Уг стандарт нь байгууллагын өрсөлдөх чадвар, бүтээмж, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хувь хүний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон 50 жилийн ойн баярын өдрөөрөө “Мэдлэг түгээх ажлын байр”-ны танхимаа нээж, байгууллагын соёл, мэдлэгийн менежментийг шинэ түвшинд гаргалаа.




















