Эрдэнэт үйлдвэрт шинээр ажилд орсон ажилтнууд үйлдвэрийн газрын цех нэгжийн үйл ажиллагаатай танилцан, үйлдвэрлэлийн ажлын байруудаар аяллаа. Аяллыг “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-ийн Ажлын хэсгийн ахлагч Ж.Энхтайван нээж, шинэ ажилтнуудын дунд хийсэн сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг танилцуулав. “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-т 2025 онд нийт 293 ажилтан хамрагдаж байгаагаас өнөөдрийн танилцах аяллын үйл ажиллагаанд 65 ажилтан оролцож байна.
“Бид шинэ ажилтнуудаа үйлдвэрийн бүсээр аялуулж, үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн үйл ажиллагаатай танилцуулахын зэрэгцээ мэдлэг түгээх ажлын байрууд, тэдгээрийн үүрэг зорилго, ач холбогдлыг таниулах зорилготой. Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр, стандартыг хэрэгжүүлэх явцдаа мэдлэг ойлголтыг эхнээс нь цэгцтэй, тодорхой өгөх зорилгод илүү төвлөрсөн. Тиймээс шинээр нээгдээд буй мэдлэг түгээх ажлын байруудаа шинэ ажилтнууддаа танилцуулж, ажилтан хүн мэдлэгээ хэрхэн тэлж, бусадтайгаа хуваалцаж, түгээх вэ гэдгийг ярилцахаар зорьж байна” хэмээн Ажлын хэсгийн ахлагч онцолсон.
Мөн тус үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр оролцож, шинэ ажилтнууддаа баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрээр, “Шинэ ажилтнуудынхаа санал хүсэлтийг хүлээн авч, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлээ даван туулахад нь туслах, дэмжих зорилготой “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр” маань бусад байгууллагуудад сайн жишиг, туршлага болж байгаа. Хөгжлийн 50 жилийн түүхтэй, ирээдүйн 55 жилийн хэтийн төлөвтэй Эрдэнэт үйлдвэрт ажилтнаар орж, байгууллагынхаа цар хүрээ, улс нийгэмд оруулж буй хувь нэмрийн талаар олон мэдээллийг үйлдвэрлэлийн цехэд газар дээр нь үзэж, олж авах боломжийг хөтөлбөрийн энэ удаагийн аялал бүрдүүллээ. Ажилтан болон ажил олгогчийн хооронд тэмүүлэл, зорилгын тэнцвэр хэдий сайн байна, төдий чинээ байгууллагын хөгжил урагшилдаг. Тэр утгаараа Эрдэнэт үйлдвэр хүн төвтэй хөгжлийг эрхэмлэн хичээн ажиллаж байгаагийн нэг хэсэг нь хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр юм. Хөтөлбөрүүдээ үр дүнтэй, бодитой хэрэгжүүлэхийн тулд ажилтнуудаас сэтгэл ханамжийн судалгааг давтамжтай авч, дүн шинжилгээ хийж байна. Эдгээр судалгаанд идэвхтэй оролцон, санал бодлоо нээлттэй илэрхийлж, сэтгэл ханамжтай, итгэлтэй ажиллах сайн нөхцөлийн төлөө бидэнтэй хамтраарай” гэж шинэ ажилтнууддаа хандан уриаллаа.
Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрт хамгийн сүүлд шинээр ажилд орсон Оёдлын цехийн оёдолчин Л.Баасансүрэн, Ус хангамжийн цехийн шугам хоолойн засварчин П.Болд-Эрдэнэ, баллон ачигч Н.Бямбадаваа нарт шинэ ажилтны бэлгийн багцыг гардуулан, сайн ажиллахыг хүсэн ерөөв.
Шинэ ажилтнууд энэ удаагийн аяллаараа Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн бүтээн байгуулалт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан Ногоон хөгжлийн төслийн нэгж болон Ил уурхай, Авто тээврийн цехтэй танилцаж, өргөн мэдлэг мэдээлэл авах юм.
Ус хангамжийн цехийн Шугам хоолойн засварчин П.Болд-Эрдэнэ:
Би Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехэд засварчнаар ажилд орж, “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-т хамрагдан оролцож байна. Засварчны олон жилийн туршлага, арга барилтай дадлагажуулагч Баярсайхан багшийнхаа гар дээр заавар зөвлөгөөг нь аваад ажиллаж байна. Анхны өдрөөс л цехийн хамт олон маань маш найрсаг хүлээж авсан нь их урам өгсөн. Би сантехникч, гагнуурчны мэргэжилтэй. Сайн ажиллаж, мэргэжил ур чадвараа ахиулан ажиллахын төлөө бүх нөөц боломжоо дайчлах зорилго өөртөө тавиад хичээж байгаа.
Ус хангамжийн цехийн баллон ачигч Н.Бямбадаваа:
Миний хувьд 2018 оноос Геологи, хайгуулын экспедицэд түр гэрээгээр ажиллаж байгаад Ус хангамжийн цехийн Хий хангамжийн хэсэгт баллон ачигчаар үндсэн ажилтнаар орсон. Энэ цехэд ороод сар гаруй хугацаа болж байна. Хамт олондоо дасаж, тэдний нэг эд эс болоод ажиллаж байгаадаа баяртай байгаа. Манай гэр бүлд уурхайчид олон бий. Миний аав Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад саяхан өндөр насны тэтгэвэртээ гарсан, одоо нагац ах нар маань үйлдвэртээ ажиллаж байна. Миний хувьд Эрдэнэт хотдоо өсөж бойжиж, уурхайчдын гэр бүлийн залгамж хойч учраас “Эрдэнэтийн-Овоо”-ны уурхайд ажиллаж хөдөлмөрлөх хүслээ тээн энэ үйлдвэртээ ажиллахыг зорьсон. Хүсэл зорилго маань биелсэнд туйлын баяртай байна.
Оёдлын цехийн оёдолчин Л.Баасансүрэн:
Би Архангай аймгаас Эрдэнэт хотод ирсэн. Энд оёдолчны мэргэжлээр сурч төгсөөд, энэ оны 6-р сараас Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехэд ажиллаж байна. “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-т хамрагдаад, хүний хөгжлийн сургалтуудад оролцсон. Хувь хүн, үйлдвэрийн ажилтан гээд өөрийгөө хөгжүүлэх олон талын мэдлэг өгдөг энэ хөтөлбөрийн үйл ажиллагаанд үнэхээр талархалтай байна. Нөхөр маань мөн Оёдлын цехэд ажилладаг. Гэр бүлээрээ нэг үйлдвэрт ажиллаж, үр өгөөжийг нь хүртэх болсондоо маш их баяртай байна.















