Төрийн худалдан авах ажиллагаа нь төрийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад төсвийн мөнгийг зарцуулах төрийн чухал тогтолцоо юм. Төрийн худалдан авах ажиллагаа нь улс орон, бүс нутгийн нийт бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрдүүлэхэд оролцож, өрсөлдөөн, инновацын хөгжлийг дэмжиж, улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Төрийн худалдан авалт нь улс орны нийгэм, эдийн засгийн тогтолцооны салшгүй хэсэг юм. Төрийн худалдан авах ажиллагаа ийм чухал үүрэгтэй учраас төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоо, институцыг хөгжүүлэх, боловсронгуй болгох сонирхол дэлхий дахинд улам бүр нэмэгдэж байна.
Төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх шаардлагатайг гадаадын олон эрдэмтэд онцолж байна. Тухайлбал, Ж.Грандиа, Б.Стайн, Б.Куйперс нар тогтвортой худалдан авалтын чиглэлээр судалгаа хийж, нийлүүлэгчдийн тогтвортой худалдан авалтад хандах хандлагыг судалж, үүсээд байгаа асуудлаар тус салбарт өөрчлөлт оруулах хүсэл эрмэлзэл, ханган нийлүүлэгчдийн худалдан авалтад үзүүлэх нөлөөгөөр шийдэж болох талаар тэмдэглэсэн байна. Судлаач М.Фазекас, Р.Блум нар төрийн худалдан авах ажиллагааны үр дүнг сайжруулахад нөлөөлөх хүчин зүйлсийг судалж, худалдан авалтын үр дүнг тодорхойлдог хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэгд улс төрийн эдийн засаг (political economy) болох талаар тэмдэглэжээ.
Төрийн худалдан авалтын гол асуудлуудад авлигатай тэмцэх, чанартай бараа, ажил, үйлчилгээгээр хангах үр ашигтай механизмыг боловсруулах, худалдан авах ажиллагааны институцын өртгийг бууруулах зэрэг асуудал орж байна.
Төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоо, түүний онцлог: Төрийн худалдан авах ажиллагаанд төсвийн төлөвлөгөө боловсруулах, худалдан авах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа багтана. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай орцыг тодорхойлохоос эхлээд эдгээр орцыг бараа, ажил, үйлчилгээ гэж ангилан, тус бүрийн төсөвт өртгийг тооцох үйл ажиллагаа орж байна. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт нь тендер зарлах, ханган нийлүүлэгчдийг сонгох, гэрээ байгуулах, гэрээний менежментийг хэрэгжүүлэх, бараа, ажил, үйлчилгээг хүлээн авах, тэдгээрийг үр дүнтэй, үр ашигтай ашиглаж, зохих засвар, үйлчилгээг хийх үйл ажиллагааны циклээс бүрдэнэ.
Сүүлийн хорин жилийн хугацаанд төрийн худалдан авах ажиллагаа нь бараа, ажил, үйлчилгээг худалдан авах энгийн үйл ажиллагаанаас олон оролцогч талуудыг багтаасан төрийн цогц үйл ажиллагаа болж хувирсан. Төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн гол зорилго нь иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд чиглэж, үүний тулд хязгаарлагдмал нөөцийг цаг тухайд нь, зардал багатай, үр дүнтэй хүргэх шаардлагатай болдог. Төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоо нь төсвийн зардлыг үр ашигтай, хариуцлагатай хуваарилахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд сайн засаглалыг дэмжиж, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, төрд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Орчин цагт мэдээллийн хүртээмжтэй байдал нэмэгдэж, иргэд төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрөөс хүртэх ашгийн талаар илүү их мэдлэгтэй болж, төрийн худалдан авалтыг шалгах боломжтой болжээ. Иргэд үйлчилгээгээ цаг тухайд нь, чанартай, үр ашигтай хүртэхийн тулд Засгийн Газартаа улам бүр шахалт үзүүлж эхлээд байна. Энэ нөхцөл байдал нь Засгийн азруудыг худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, тогтолцоо, практикийг сайжруулах, эрсдэлийн удирдлага, хяналт, хариуцлагыг сайжруулах, авлигатай тэмцэх механизм, цахим худалдан авалт, төр-хувийн хэвшлийн түншлэл, хөндлөнгийн хяналт зэрэг шинэ арга хэрэгсэл, арга барилыг ашиглахад илүү анхаарч ажиллахыг шаардаж байна. Харин энэхүү шинэчлэлийн хурд Засгийн Газрын зохион байгуулалт, төрийн албан хаагчдын худалдан авах ажиллагааг удирдан зохион байгуулах чадавх, потенциалыг нэмэгдүүлэх хэрэгцээг хэрхэн хангаснаас шалтгаалах болж байна. Энэхүү шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлснээр улс орны нийгэм, эдийн засаг, хувийн хэвшлийн хөгжилд ихээхэн түлхэц өгөх нь ойлгомжтой юм.
Тухайн улсын төрийн худалдан авах ажиллагааны институц болон удирдлагын тогтолцоо нь төрийн байгууллагын засаглалыг хангах, тэр дундаа төсөв боловсруулах, түүний гүйцэтгэл, тайланг хянах, худалдан авах ажиллагааны хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх, санхүүжилт хийх, мэргэжилтэн бэлтгэх, байгууллагын хөгжлийн чадавхыг дэмжих, үндэсний худалдан авах ажиллагааны мэдээллийг цуглуулах, үнэлэх зэргийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай.
Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад хувийн хэвшлийн хөгжил, өрсөлдөөнийг хангах чадвар, хувийн хэвшлийн төрийн худалдан авах ажиллагаанд итгэх итгэл, тендерт оролцоход зээл авах боломжтой, хялбар, хүртээмжтэй байдал нөлөөлж байна.
Төрийн худалдан авах ажиллагааны тогтолцооны нэгдмэл, ил тод байдал нь тогтолцоог шударгаар ажиллуулах, тогтолцоог дэмжсэн зохих хяналтыг бий болгох, худалдан авалтад зохисгүй үйлдлээс зайлсхийхийн тулд авлигын эсрэг зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн илрэл юм. Төрийн худалдан авах ажиллагааны тогтолцооны нэгдмэл, ил тод байдал нь хяналт, аудитын тогтолцоо, мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдал, ёс зүй, авлигатай тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндэс болдог.
Худалдан авах ажиллагаанд мөрдөх зарчим: Төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоо нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн дараах долоон зарчимд суурилж байна.
Үүнд:
- Чанар болон үнийн харьцаа
- Хэмнэлттэй
- Нэгдмэл
- Зорилгодоо нийцэх
- Үр ашигтай
- Ил тод
- Шударга байх, гэх мэт.















